АЛДАРТ “ТОРГОНЫ ЗАМ”

Марко Поло аав ах нарын хамт Торгоны замаар Монгол руу аялан ирсэн байдаг. 2000 гаруй жилийн өмнөөс ашиглаж байсан “Торгоны их зам” нь эртний Хятадын Хан улсын нийслэл Чанань (Иань) хотоос гараагаа эхэлж, Ганьсу муж, Синь цзя хотуудаар өртөөлөн Дундад Азийн улс орныг дамжин Энэтхэг, Перс, Араб, Газрын дундад тэнгис, Ром, Франц хүрдэг байжээ. Эрдэмтэн С.Н.Рубенко-гийн тэмдэглэснээр манай эринээс өмнөх үед Торгоны зам хойд талаараа Хами, Турфан, Урумч, Төмөр нуур (Иссык-куль), Ферган, Согдын нутгуудаар дайран Мевр, Хамаданыг дайран Дюра, Геранк, Памираар дамжин өрнө зүг оддог байсныг тэмдэглэн үлдээжээ.



МЭӨ Y зууны үед Хотан нь (одоогийн хотончууд) Монголын газар нутгаас тасарсан улсуудын нэг бөгөөд анх номин чулууг Хятадын нутагт олборлож, түүнийг нь хятадууд орд харшийн чимэглэл, шашны зан үйлд ашиглаж эхэлжээ.

МЭӨ III зууны үед Хотан нутгийн Бадахшан уул, Яркенд-Дарья мөрний эхнээс сайн чанарын номин эрдэнийн чулуу, нефрит олборлож өрнө, дорнын улс орнууд руу худалдаж эхэлснээр Торгоны замын эх тавигдсан гэж үздэг. Археологийн малтлага судалгааны эх сурвалжид тэмдэглэснээр Бадахшан уулнаас олдворлосон номин чулууг Энэтхэг, Иран, Месипотоми, Египет, Сири, Анатоли зэрэг улс орнуудад зөөж хүргэдэг байсан ба орд харш, уран барилгын өнгөлгөөнд 9 тонн хүртэл номин чулууг зөөж байсан тухай байдаг ба энэ үед Номингийн зам гэгддэг байжээ.

МЭӨ III-II зуунд Иран, Энэтхэгт хятадын торго алдаршиж арилжааны гол хэрэгсэл болсон гэдэг. Тухайн үед Хотаны захирагч хятад торгоны нууцыг мэдэх зорилгоор нэгэн эмэгтэйг ирүүлсэн боловч ялма модны үр, хүр хорхойн өндөг хоёроос өөр зүйл авчраагүй гэдэг.

МЭӨ 200 оноос эхлэн Хүннү улсын Модун Шанью Хан улсын Гаоди хаан нар чөлөөт худалдааны 1, 2, 3 дугаар дайнуудыг хийж байсан нь Торгоны зам дагуух эзэмшил нутгийг бие даалгаж, нөлөөгөө хадгалах гэсэн зорилготой байсан тэмцлүүд байжээ. Дайны үр дүнд Торгоны замын урд салаа буюу Өрнөдийн торгоны замыг Хан улс, хойд салаа болох Дорнодын торгоны замыг Хүннү нар эзэмшихээр болжээ.

Византын хааны ордныхон, язгууртнууд торгыг валютын оронд хэрэглэж бүдүүлэг овог аймгуудаас цэрэг худалдан авахад ашиглаж байжээ. Персүүд Византын хүчийг сулруулахын тулд согд худалдаачдын торгыг шатаадаг байсныг согдууд Туркэд хов хүргэснээр туркууд Перстэй холбоогоо тасалж Византтай худалдаа хийх болсон гэх мэт Торгоны зам дагасан түүхүүд их бий. Харин монголчуудын хувьд турк, хятадуудаас Торгоны замын татварт авсан их хэмжээний торго нь “илүүдэл” болж байсан гэдэг. МЭӨ 198 оны гэрээгээр Хүннү нар хятадуудаас жил бүр нэг түмэн хуй буюу 92400 метр торго авч байсан бөгөөд энэ нь жил ирэх тусам хуримтлагдсаар байв. Хүннү нар хүн ам цөөн байсан учир асар их торго илүү гардаг байсан бөгөөд түүнийг гуравдагч оронд гаргах реоэкспортыг явуулдаг байсан гэдэг.

Дараа нь сяньби гаралтай Табгачийн хаант улс 457 онд өрнөд рүү торго гаргах зам дээр хяналтаа тогтоосон бол түүний дараах Нирун аймаг буюу Сүмбэ угсааны Тогоон улстай найрсаг харилцаж 285 жилийн турш Өмнөд Сүн, Цин улстай баруун уртрагийн Торгоны замаар худалдаа наймааны харилцааг хөгжүүлсэн. 670 оноос Түрэг улсад Ци-Чжоу улс торгоор алба өргөж байснаар Түрэг улсад Торгоны замаар худалдаа наймаа хийх таатай нөхцөл бүрдсэн. Түрэг ба Вей улсууд хил дээрээ Түрэг улсын төлөөний түшмэлийг суулгах хүртэл арга хэмжээ авчээ. Түрэгийн дараа Уйгар улсын хаан Моюнчур ч Торгоны зам дээр ноёрхлоо тогтоох дайн тулааныг хийж байснаас үзэхэд Торгоны зам нь худалдаа эдийн засгийн гол түлхүүр зам байжээ. 762 онд Уйгар Тан улсын хооронд торго ба агтны наймаа хийхээр болж агт бүрийг 40 хуй торгоор бодож жилд 100 мянган агт морь,  4 сая хуй торго солилцохоор тогтож байсан нь хятад өрх бүрээс ч гаргаж дийлэхгүй тоо байсан ба энэ нь монголчуудын хийж байсан реоэкспортын бодлого байсан гэж үздэг. Арабын жуулчин Тамим Ибн Вахр-ын тэмдэглэснээр Тан улс Уйгарт жил бүр 500 мянган толгой торго илгээж байсан гэдэг. Баруун талын Торгоны замын нэг хэсгийг түвдүүд эзэмших болсноор Уйгарын эзэмшил торгоны замаар явж байсан барууны худалдаачид их хэмжээний татвар төлж хятадын нутагт хүрч байжээ. Кидан гүрэн Торгоны замыг бүхэлд нь өөрийнхөө мэдэлд байлгасан.

Чингис хааны үед Торгоны замыг ашиглан дэлхийн худалдааг зохицуулсан бөгөөд одоогийн НҮБ буюу дэлхийн даргын үүргийг гүйцэтгэдэг байв. Чингис хаан “Их засаг” хуулинд “Монголын газар нутгаар дайран өнгөрч буй худалдааны жингийн цуваа нь дайсан орных байсан ч довтолж үл болно” хэмээн заасан байдаг ба тэдгээр худалдаачдыг орд өргөөгөөрөө дайруулан дэлхий дахинд болж буй бүхий л үйл явдлыг худалдаачдын ярианаас сонсож “мэдээлэл цуглуулдаг” байжээ. Дэлхийн аль ч орны худалдаачдыг өөрийн нутгаар дайран өнгөрөхөд нь цэргээр хамгаалуулахаас гадна орд өргөөндөө урьж, худалдаалж буй бараа товарыг нь өндөр үнээр худалдан авах зэргээр тэднийг дэмждэг байв. 

Хорезмын хаант улстай хийсэн 4 жилийн аян дайн нь эцсийн дүнд Торгоны замын худалдаа наймааг амар тайван болгох гэсэн зорилготой байв. Марко Поло тэмдэглэхдээ “...замын хоёр талаар өндөр мод суулгасан учир төөрөхгүйн дээр нарнаас сүүдэрлэгдэн түр амрахад тухтай, харуул хамгаалалт маш чанд учир дээрэмчид тонуулчдаас айх аюулгүй, шөнө явсан ч болно. Торгоны зам дагуух газар бүрт хэрцгий хүмүүс хулгай дээрэм хийж, зэвсэггүй энгийн худалдаачдыг тонон дээрэмдэж алж хяддаг байсныг Чингис хаан, түүний дараагийн хаад зогсоож маш олон “стан” буюу монголоор “садан төрөл” гэдгийг илэрхийлэх улс байгуулах үндэс суурийг тавьсан...” хэмээжээ. Тэдгээр нь одоогийн Узбекстан, Киргизстан, Казахстан, Туркменистан гэх мэт орнууд ажээ.

Эдүгээ Дорнод, Хэнтий аймагт байдаг “Чингисийн далан”, “Хэрмэн зам” гэх мэтээр нэрлэгддэг зүүнээс баруун тийш 600 км үргэлжлэх 10-15м өргөн энэхүү зурвас мэт газар нь далан гэхээс илүү замтай төстэй бөгөөд зарим судлаачид Торгоны замын Монгол дахь салаа зам байхыг үгүйсгэхгүй хэмээн үздэг. Ийнхүү түүх сөхөхөд, 2000 жилийн түүхэнд монголчууд Торгоны зам дээр маш том үүрэг нөлөөтэй байсан ба энэ замын ач холбогдлыг улам тодотгон, тогтвортой ашиглах боломжийг бүрдүүлж, замаар хөврөх худалдаачид, элч төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байжээ.

Монголчуудын хүчирхэг байх үеийн Урумч, Зүүнгарын хотгорыг дамжих умард салаа замыг “Монгол зам” хэмээн нэрлэж байсан ба Юань гүрэн задран унаснаар өмнө нь байсан дээрэм тонуул, аллага хядлага эхэлж Торгоны замын нөлөө буурч улмаар бүдгэрчээ. Нөгөө нэг шалтгаан нь Хубилай хаан 500 тн даацтай усан онгоц ашиглан Хятадаас Энэтхэг рүү бараа бүтээгдэхүүн зөөх болсон, Португалийн жуулчин Васко Да Гама 1497 оны 7-р сарын 28-нд Миссабон хотоос Энэтхэгийг зорих далайн замыг нээснээр Торгоны замаар бараа товар зөөх урсгал эрс багассан байна.

Торгоны зам нь өрнө дорно, өмнө умрыг холбосон худалдаа, элчин харилцаа, шинэ технологи, шинжлэх ухаан, соёл заншил дамждаг “дэлхийн гол гүүр” байсан. Торгоны зам түүхийн урт хугацаанд “Тэмээн жингийн зам”, “Худалдааны их зам”, “Номингийн зам”, “Дармаа раднаа буюу Ном буян эрдэнийн зам” гэх мэтээр нэрлэгдсэн. Харин монголчууд өөрсдөө “Ариун мөргөлийн”, “хар элсний”, “түмэн уртын зам” хэмээн нэрлэж байсан түүхтэй. Торгоны замын гол сувгийг Ганьсу-гийн гудам гэх ба энэ нь одоогийн Ланжоу, Ганжоу, Сужоу, Шачжоу хотуудыг өртөөлөн дамжсан гудам юм. 1987 онд НҮБ-ын соёл боловсрол шинжлэх ухааны салбар байгууллага Юнеско Торгоны замын талаар иж бүрэн судалгаа хийх төсөл боловсруулжээ. 

ТОО
0
0
0