ҮЛЭГ ГҮРВЭЛҮҮД ЭХ НУТАГТАА ИРНЭ.

2016 оны 4-р сарын 5-нд АНУ-ын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн прокурорын газарт нэгэн чухал үйл явдал болсон ба энэ нь АНУ-ын Засгийн газар Монгол улсад харъяалагдах үлэг гүрвэлийн олдворыг буцаан өгөх ёслол байсан юм. Монголын талаас Элчин сайд Б.Алтангэрэл, палеонтологич М.Болорцэцэг болон албаны бусад хүмүүс, АНУ-ын талаас тойргийн прокурор Роберт Кэйпэрс, Аюулгүй байдлын эрэн сурвалжлах газрын захирал Петер Эдж, Хил хамгаалал, гаалийн албаны удирдлагууд оролцож, үлэг гүрвэлийн 7 олдворыг Монголын талд хүлээлгэн өгөв.


Эдгээр олдвор болгоны ард гэмт хэрэг, мөнгөний шунал, адал явдал өрнөсөн ажээ. Жишээлбэл, Алиорамус хэмээх үлэг гүрвэлийн толгойн хувьд Францаас онлайн худалдаагаар И-Бэй хэмээх нэгэн цуглуулагч хүн 2014 онд 300 мянган доллараар худалдан авсан аж. Гэвч АНУ-ын хил дээр гаалийн ажилтнууд хураан авах үед гарал үүслийг нь Франц, мөн жинхэнэ биш, дуураймал хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байжээ. Гаалийн ажилтнууд мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар Монгол гаралтай жинхэнэ араг яс мөн болохыг нь тогтоосноор эх нутагтаа буцах эрхтэй болжээ.

Ёслолын үеэр АНУ-ын Тойргийн прокурор Роберт Кэйпэрс “Монгол бол үлэг гүрвэлийн арвин баялаг олдвороороо дэлхийд тэргүүлдэг улс. Монголын ард түмний өмч байх ёстой эдгээр палеонтологийн нандин олдворуудыг хулгайч, ашиг хонжоо хайгчдын гараас салган авч, Монгол улсад эргүүлэн өгч байгаадаа баяртай байна. Цаашид ч Монголын соёлын өвийг хил дамнуулан худалдах гэмт хэрэгтэй  бид ямагт тэмцэх болно” хэмээн мэдэгджээ.

Алиорамус бол маш ховор үлэг гүрвэл бөгөөд шинжлэх ухааны бүртгэлд ердөө хоёрхон тэмдэглэгдсэн ба тэр хоёр нь хоёулаа Монголоос олдсон ажээ.


2013 оноос хойш Монголын хилээр хууль бус аргаар гарсан нийт 23 үлэг гүрвэлийн олдворыг АНУ-ын тал буцаагаад байна.

Энэ удаа Алиорамус махчин динозаврын толгой, нугасан хошуут Бактрозаврын бүтэн араг яс, нугасан хошуут динозаврын араг яснууд, Протоцератопс өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн бүтэн араг яс, Ситтакозавр өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн бүтэн яс, Тродонтид үлэг гүрвэлийн өндөгний үүр зэргийг хүлээлгэн өгчээ.

Гарал үүслийн баталгааг гаргахдаа үлэг гүрвэлийн анатомийн бүтцийг нь судалж, ямар төрөл, зүйлийнх вэ гэдгийг тогтооно. Ихэнх тохиолдолд өмнө нь судлагдсан үлэг гүрвэлийн төрөл зүйл байдаг. Монголын үлэг гүрвэлүүдийн хувьд зөвхөн Монголоос олддог төрөл зүйлүүд гэж бий. Ясны өнгө байдал, агуулагдаж буй чулуулгийн төрөл нь гарал үүсэл тогтооход чухал үзүүлэлт болдог аж.


Эдгээрээс гадна хил гааль дээр хураагдсан 11 үлэг гүрвэлийн ястай холбоотой эрүүгийн хэргүүд шалгагдаж байна. Эдгээрийн дотор жүжигчин Николас Кэйжээс хураан авсан Тарбозаврын толгойн яс байгаа ажээ.

ТОО
0
0
0