“БАЙКАЛТУР – 2018” БОЛНО


Өнгөрсөн жилээс эхлэн “Байкалтур” аялал жуулчлалын үзэсгэлэнд манай аялал жуулчлалын салбарынхан оролцож эхэлсэн бөгөөд энэ жилийн үзэсгэлэн 3-р сарын 28-31-нд нээгдэх юм. Ах дүү хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Оросын жуулчдыг нэмэгдүүлэх зорилгоор НАЖГ, Улаанбаатар-Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Байкалтур – 2017” үзэсгэлэнд UBS Let’s travel, Ger to ger, Resort world Terelj, UB inn hotel, Grand Hill hotel, Mongolian Corporate travel, Саян радиан компаний төлөөлөгчид оролцож “хамгийн сонирхолтой стенд”-ээр Монголын талбай шалгарч “Алтан од” шагнал хүртсэн.  

Энэ жилийн “Байкалтур – 2018” үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байгууллагууд  ulaanbaatour@gmail.com и-майл хаяг, 99089514 утсанд хандана уу.




“Байгаль нуурыг үзээгүй хүн Сибирийг таньж мэдэж үл чадна” хэмээх эртний үг бий.  “Сибирийн цэнхэр нүд” хэмээн өргөмжлөгдсөн тус нуур нь ОХУ-ын Эрхүү муж ба Буриад улсын нутаг дэвсгэрийн дунд сунаж тогтсон. Эх дэлхийн хамгийн цэнгэг болоод хамгийн гүн нуур бөгөөд Ольхон арлын зүүн талаар хамгийн гүн хэсэг нь 1631-1637 метр хүрдэг. Өргөнөөрөө 79км, уртаараа 636км үргэлжлэх уг нуур нь талбайн хэмжээгээр Бельги улсын газар нутагтай тэнцэнэ. Эргийн нийт урт нь 2000 км, цэнгэг усныхаа багтаамжаар дэлхийд нэгдүгээрт бичигддэг ба дэлхийн хүн амыг 40 жилийн турш ундаалах хангалттай нөөцтэй хэмээн эрдэмтэд тооцоолсон. 336 гол мөрөн цутган ордогийн хамгийн том цутгал нь Сэлэнгэ мөрөн юм. Харин ганцхан Ангар мөрөн эх авч гадагш урсдаг. 1996 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв”-д бүртгэгдсэн.  


Нийт 22 аралтай, хамгийн том арал нь 72 км урт Ольхон арал бөгөөд “Байгаль нуурын сувд” хэмээгддэг. Байгаль нууранд 1200 зүйлийн амьтан, 1600 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэн нь их өнө эртний нуур болохыг нотлоод зогсохгүй эрдэмтэдийн үзэж байгаагаар тэдгээрийн дөрөвний гурав нь зөвхөн Байгаль нуурт л байдаг.  Тухайлбал, Байгалийн нерпа хэмээх нэг зүйл далайн хав, Голомянка хэмээх гадуураа хайрсгүй, дотор эрхтнүүд нь нэвт гэрэлтэж харагддаг загас, аманд оронгуут хайлдаг Байгалийн омуль хэмээх загас зөвхөн энэ нууранд бий.


ТОО
0
0
0