ЯПОНЫ БЭЛГЭДЭЛ ФҮЖИ


Фүжи уул: “Фүжи Хаконэ Изү” хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэнд багтдаг д.т.д 3776м өндөр буюу Японы хамгийн өндөр цэг. Фүжи уул нь хаанаас нь ч харсан тэгш хэмтэй гурвалжин харагддаг тул Японыг илэрхийлэх бэлгэдэл болон бусад улс орнуудад ч алдаршсан.

Уул руу авирах зам жил бүр 7-р сарын 1-нээс 8-р сарын 27-ны хооронд нээгддэг ба зарим авирагчид өглөөний нар мандахыг харахын тулд шөнийн цагаар авирч эхэлдэг байна. Жил бүр 200 мянган хүн авирдагаас 30% нь гадаад жуулчид байдаг ажээ.

Уул өөд авирах нийт 10 зогсоол байдгаас 2300 м өндөрт орших 5 дугаар зогсоол хүртэл машинаар явж болох бөгөөд тэндээс цааш мөнх цаст оргил хүртэл 4-8 цаг алхдаг. Буцаж буухад 3-5 цаг зарцуулдаг байна. 5 дугаар зогсоол нь хамгийн том бөгөөд зочид буудал, машины зогсоол, ресторан, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, халуун рашаан зэрэг амралт үйлчилгээний байгууллагуудтай. Зогсоол бүрт жижиг буудал, хүнсний дэлгүүр, бэлэг дурсгалын дэлгүүрүүд бий.

Фүжи уулын нэр нь “үхэшгүй мөнх уул” гэсэн утгатай Фүшисан хэмээх үгнээс гаралтай. Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь нэгэн удаа ой модны гүн рүү түлээнд явтал нэгэн хулс модноос гэрэл цацарч байхыг олж үзээд цавчиж унагаатал дотроос нь нэг хөөрхөн охин гарч иржээ. Ийнхүү өвгөн эмгэн хоёр охинтой болсон бөгөөд өдөр хоног өнгөрөх тусам охин нь өсөж томрон үзэсгэлэн төгөлдөр охин болжээ. Ойр хавийн 5 залуу гэрлэн суух хүсэлт тавьсан боловч охин тухай бүр биелүүлэх аргагүй хүнд даалгавар өгч залуусын сэтгэлийг гонсойлгон буцаажээ. Энэ тухай хааны чихэнд хүрч, хаан түүнтэй гэрлэхийг хүссэн боловч охин “би сарнаас ирсэн, удахгүй миний буцах цаг ирнэ” хэмээжээ. Хаан бүсгүйг сар руу буцаалгахгүйн тулд хэдэн давхар хамгаалалт тавьсан ч нэмэр болсонгүй, бүсгүй өсгөж өндийлгөсөн аав ээж хоёртоо баярласнаа илэрхийлээд хувцас хунар, мөнхийн ус өгөөд сар руу оджээ. Өвгөн эмгэн хоёр хайртай ганц охингүйгээр мөнх амьдраад ч яах вэ хэмээгээд өндөр уулын оройд гарч өнөөх мөнхийн усыг асгаж орхижээ. Тэр цагаас эхлэн Фүшисан буюу Үхэшгүй мөнхийн уул бий болсон ажээ. Цаг хугацааны эрхэнд Фүши нь Фүжи хэмээн дуудагдах болжээ.


 

Sky Tower Tree буюу Скай таур цүри цамхаг: Сүмида голын эрэг дээр 2008 – 2012 онд баригдсан ба Токиогийн тэнгэр баганадсан мод хэмээн нэрлэгддэг. Дэлхийн хамгийн өндөр байшин болох Бурж Халифа барилгын дараа ордог боловч радио, телевизийн долгион дамжуулах цамхагийн хувьд хамгийн өндөр нь учраас Геннисийн номонд бүртгэгджээ. 634 метр өндөр бөгөөд 806 сая долларын өртгөөр баригджээ. 1960 оноос Японы бэлгэдэл болж байсан Токио цамхагаас 300м илүү өндөр. 634 хэмээх тоо нь “Мүсаши” хэмээх дуудлагатай бөгөөд энэхүү цамхаг баригдсан газрын орчныг ингэж нэрлэдэг ажээ. Цамхаг барьсан талбайг засахдаа ус байсан газарт 2000 оноос эхлэн хог асгаж, дахин ашиглахгүй болсон хүнд даацын төмөр хаягдлыг дээрээс нь буулгаж цемент цутган “газар” болгосон гэдэг.  Газар хөдлөлтөөс сэргийлэх сүүл үеийн технологи ашигласан ба магнитудын 7 баллын хүчтэй доргилтыг тэсэж гарахаар бүтээжээ. Цамхагийг нээсэн эхний 7-хон хоногт 1.6 сая хүн үзэж сонирхсон байна. Тус цамхаг нь телевиз, үүрэн холбооны антенны үүрэг гүйцэтгэхээс гадна томоохон худалдааны төвүүдийг багтаасан ба эдүгээ 1500 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг.  Цамхагийн дунд хэсэг буюу 350 метр орчимд гадаах орчныг харах битүү тавцант хэсэг байгуулсан ба цамхагийг ашиглалтанд оруулснаас хойш Япон руу зорих жуулчдын тоо 45 дахин өссөн хэмээн NHK телевиз мэдээлжээ. Хамгийн оргил үзүүлэлт нь нэг өдөрт 20 сая дотоод гадаадын хүн үйлчлүүлсэн байна.



Сумо бөхийн ордон: Анх 1909 онд Сумогийн ордны суурийг тавьсан боловч Дэлхийн II дайны үед үйл ажиллагаа нь зогсож үрэгдсэн байсан барилгыг 1946 оноос дахин сэргээж барих ажлыг эхлүүлж 20 жилийн дараа буюу 1962 оны 1-р сарын 15-нд албан ёсоор нээлтээ хийжээ. Сумо бөхийн барилдаан явагддаг Рёгокү-кокүгикан ордон нь 12 мянган хүний багтаамжтай бөгөөд дотор зохион байгуулж болох бүхий л спортод зориулагдсан боловч зөвхөн Сумо бөхийн зориулалтаар ашиглаж иржээ. Эдүгээ 12, 1, 5, 8 дугаар сард тус ордонд сумо бөхийн барилдаан үзэх боломжтой ба бусад цагт дотогш нэвтрэн орох хориотой байдаг. Ордоны барилгад Сумо бөхийн түүхийн музей байдаг ба үзэгч олонд үнэ төлбөргүй нээлттэй үйлчилдэг. Тус ордонд 2020 оны зуны олимпын нэгээхэн хэсэг явагдана гэдгийг Сумо бөхийн холбоо албан ёсоор мэдээлсэн байна.


Сумо бөхийн түүх:  Судлаачид Японы сумо бөхийг 1700 жилийн түүхтэй хэмээн үздэг. Сумо бөхийн тухай хамгийн эртний баримт бол МЭ 642 онд бичигдсэн “Нихоны түүхэн тэмдэглэл”-д буй домгууд юм. Эдгээрийн дотор “Сүкүнэ Кэхая хоёрын тулалдаан” хэмээх дурсгал булш өнөөг хүртэл тахигдсаар ирсэн байдаг. Мөн YI зуунд хамаарах барилдаж буй бөхчүүдийн дүрс сийлсэн ваар саван эдлэлүүд сумогийн түүхэн олдвор бөгөөд түүний дотор 1969 онд олдсон маваши бүсэлсэн нүцгэн бөхийн баримал чухал олдворт тооцогддог. Тийм учраас Японы сумо бөхийг МЭ IY-YI зуунд үүсэж өөрийнхөө төрхийг олж эхэлсэн гэдэг. Түүний дараагаар YII-XI зууны үед сумо нь эзэн хааны ордны үзвэр, уламжлалт спортын нэг болон хөгжжээ. Чухам энэ үеэс сумод янз бүрийн язгууртны ёс, дэг жаягууд нэвтэрч уламжлалт соёлын хэлбэрийг олж эхэлсэн байна. Тухайлбал, бөхчүүдийн барилдааны талбар руу хүрэх замын хоёр талыг цэцгээр чимэглэдэг байсныг цэцгэн зам буюу “хана мичи” гэх болсон ба өнөөг хүртэл үргэлжилсээр ирсэн. Сумогийн хөгжлийн дараагийн үеийг “бүши” буюу 11-17 зууны самурай нарын ноёрхлын үеийн сумо юм.

1991 оноос эхлэн Монголын залуучууд Японы сумогийн ертөнцөд хөл тавьж өнөөг хүртэл амжилттай барилдсаар байгаа билээ. Эдүгээ мэргэжлийн сумод Монгол, Болгар, Гүрж, Америк, Бразил, Солонгос, Орос, Хятад зэрэг орны бөхчүүд барилдаж байна. Дэлхийн олон оронд сонирхогчдын сумогийн холбоо байгуулагдаж, сонирхогчдын сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тогтмол зохион байгуулагдаж байна.



Асакүса гудамж: Тус гудамж нь Эдо буюу 1603 – 1868 оноос эхлэн худалдаа наймаа, ажил эрхлэлтийн гол төв байсаар ирсэн. Мөн олон арван Кабүки театр бүхий уртаас урт улаан дэнлүүний гудамж байжээ. 1800 оны сүүл, 1900 оны эхэн үед орчин үеийн урлагийн театр, кинотеатрууд хүртэл байгуулагдсан байна.  Асакүса нь худалдаа, урлагийн төв байхад нөлөөлсөн зүйл нь Курамаэ дүүрэгтэй залгаа оршдог байсантай холбоотой ажээ. Тус Курамаэ дүүрэг нь Засгийн газрын хараат будааны тариа үйлдвэрлэдэг тосгон байжээ. Дэлхийн II дайны үед Асакүса гудамж нь маш их хохирол амсаж байсан ба дайны дараа дахин сэргэж шинэчлэгдсэн боловч Асакүсагийн үзвэр үйлчилгээний гудамж нь сэргэж чадаагүй ажээ. Гадаад дотоодын жуулчдын хөл хөдөлгөөнд дарагдсан Токио хотын топ газруудын нэг болсон бөгөөд олон төрлийн үйл ажиллагаа, тэмцээн уралдаан, фестиваль наадмууд зохион байгуулагдаж байдгаараа онцлог. Гудамжны хойморт байх Сэнсожи сүм хүртэлх нарийн гудамжийг Накимисэ гэдэг ба энд Японы үндэсний бэлэг дурсгалын зүйлс, япон амт бүхий  чихэр жимс хүнсний зүйлсийг худалдан авах боломжтой.


Асакүсагийн Сэнсожи сүм: Эртний буддын сүм бөгөөд YII зууны үе буюу 628 онд хамгийн анх Кайшо хааны зарлигаар баригджээ. Токиогийн хамгийн эртний сүсэг бишрэлийн гол төв ба Дэлхийн II дайны дараа олон түмэнд дахин  үүд хаалгаа нээсэн. Энэхүү сүмийн дэргэд Шинто болон Асакүса сүм шинээр баригдаж Токиогийн хамгийн том арга хэмжээ болох Санжа мацүри (Sanja Matsuri) баярыг жил бүрийн хаврын сүүлчээр зохион байгуулдаг. Тус баяр нь 3-4 өдөр үргэлжилдэг ба шөнө болтол гудамжинд хүмүүс тасралтгүй хөл хөдөлгөөнтэй байдаг байна.



Мэйжи хийд: Японд будда болон шинто урсгалын шашныг хослуулсан байдаг ба Мэйжи хийд нь шинто урсгалын томоохон хийд юм. Мэйжи эзэн хаан нь орчин үеийн Японыг үүсгэн байгуулагч байсан ба тэрбээр 1852 – 1912 оныг хүртэл амьдарч байв. Харин Мэйжи хийдийг 1920 онд барьж дуусгасан ба Дэлхийн II дайны үед сүйрсэн байсныг дахин сэргээгдсэн.









Үэно амьтны хүрээлэн: Японы хамгийн анхны амьтны хүрээлэн бөгөөд 1882 онд байгуулагдсан, 14.3 га буюу Японы хамгийн том талбайтай амьтны хүрээлэн юм. Нийт 464 төрлийн 2600 гаруй амьтад байдаг ба зүүн баруун гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Зүүн бүсийн хэсэгт Улаан панда, цасч шар шувуу, махчин шувууд, суматра арлын бар, Энэтхэгийн арслан, горилла, гиббонс, Калифорнийн далайн арслан, туйлын цагаан баавгай, Хоккайдо арлын хүрэн баавгай, нар баавгай, Японы хар баавгай, Токиогийн шувууд, Азийн заан гэх мэт амьтад байдаг. Харин баруун бүсийн хэсэгт Африкийн амьтад болох цагаан хирс, усны үхэр, одой усны үхэр, анааш, тахь, чоно, ирвэс, жижиг хөхтөн, мэрэгчид, сарьсан багваахай, зараа гэх мэт шөнийн амьтад, Галапагос яст мэлхий, хар толгойт цахлай, гвинейн гахай, одой морь, илжиг, янз бүрийн тэжээвэр амьтад байдаг.




Одавара цайз: Энэхүү цайзын байгууламж нь 1495 онд уулын орой дээр Хожо Соуны зарлигаар баригдаж дуусаад 1960 онд сэргээн засварлагдсан. Мөн дэлхийн шилдэг 100 үнэт цайзын нэгд тооцогддог бөгөөд энэхүү цайз нь Канагава мужид байрладаг. Одавара цайз нь маш сайн зохион байгуулалттай баригдсан хэмээн үздэг. Цайзын дотор түүхийг нь өгүүлэх музей байх ба Японы эрт үед хамаарах олон төрлийн олдвор, зэр зэвсэг, хуяг дуулгыг харах боломжтой. Хамгийн анх Хожо Коужи хаан Тори аймгийн довтолгооноос өөрсдийгөө хамгаалж бэхлэлт хийх гэж барьсан байдаг ба дайнд ялалт байгуулж 1495 онд ойролцоох бүсүүдийг эзэлж өөрийн аймгийн хүчийг улам зузаатгаж Канто аймгийн бүсийг ч өөрийн эзэмшил болгожээ. Канто аймаг нь одоогийн Чиба, Ибараки, Сайтама мужууд юм.

Гэвч 1561, 1569, 1590 онуудад Одовара цайз нь 3 удаагийн маш хүчтэй цохилтонд орж байсан ба хамгийн сүүлд Тоёотоми Хидэёши-гийн 200 мянган цэргийн бүслэлтэнд орж Хожо Коужи-гийн байгуулж үлдээсэн дээд засаглал нийтдээ 100 жилийн турш тэмцсэн боловч эцэстээ нуран унажээ. Тоёотоми Хидэёши цайзыг өөрөөр ашиглахаар шийдэж Японы цайны ёслол зохион байгуулах, зочид хүлээн авах хүндэтгэлийн өргөө болгожээ.

1700 оны үед тус цайз Токугава-гийн эрх мэдэлд орж Окуба Тадояо-гийн хамжлагын үед цайзын хэмжээг Хожо Коужи-гийн үеийнх шиг багасгажээ. Тэр үед цайз маш их тэлж томорсон байсан ба Окобу нь өөрөө Хожо хааны үр удам байсан учир Хожо хааных шиг болгохыг хүссэн гэдэг. Цайз сүүлд 1872 оны үед довтолгоонд өртөн дахин эвдэрч байжээ.




Эзэн хааны зуны цэцэрлэг буюу Империал цайз:  Эзэн хааны зуны цэцэрлэг нь хааны ордноос нийтэд нээлттэй байдаг цорын ганц хэсэг юм. Эдо ордон нь гал түймэрт өртсөнөөр дахин сэргээгдсэн бөгөөд эдүгээ хана, хаалга, томоохон баганууд нь үлдсэн байдаг. Эдогийн ордон нь 1603 – 1867 оны хооронд Японыг захирч байсан Токүгава хааны ордон байжээ. Мэйжи эзэн хаан нь бас шинэ ордон баригдах хүртэл энэ ордонд 1868 – 1888 онд амьдарч байв. Японы түүхэн дэх хамгийн өндөр цамхаг тус ордонд байсан ба 1638 онд галд өртөн сүйдсэнээс хойш дахин сэргээгдээгүй байна.





Гинза: Токио хотын төв хэсэгт байрлах ба хамгийн алдартай худалдааны гудамж юм. 1612-1800 онд мөнгөн зоос хийдэг газар байсан ба Гинза гэдэг үгний утга нь “мөнгө зарах мухлаг” гэсэн утга илэрхийлдэг. 1923 оны үеэс Гинза нь худалдааны гудамж болсон ба эдүгээ дэлхийд алдартай бренд барааны дэлгүүрүүд, уран зургийн ертөнц, зоогийн газрууд, шөнийн цэнгээний газруудаараа алдартай дүүрэг болсон. Бямба, Ням гарагуудад Гинза гудамжны машин замыг хааж гадаад дотоодын жуулчид, явган зорчигчдын таатай орчныг бүрдүүлдэг.





Шибүяа: Залуучуудын гудамж гэдгээрээ хамгийн алдартай Шибүяа дүүрэг нь Токио хотын худалдаа үйлчилгээний хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэг юм. Японы хамгийн өвөрмөц орчин үеийн загварууд Шибүяа-гаас л төрдөг хэмээнэ. Өвөрмөц үзүүлбэр, онцгой содон загваруудыг Шибүяа дүүргийн дэлгүүрүүдээс л олох боломжтой. Япон хүн бүхний мэддэг Хачико нохойны хөшөө нь метроны гарц дээр байдаг бөгөөд зорчигчид тэр нохойтой хамт зургаа авхуулахгүй буцах нь бараг үгүй. Мөн энд тэндээс ирж буй хүмүүсийн болзооны газар мэт болсон байдаг онцлогтой. Метроны гарцаар гараад ирэхэд маш том гэрлэн самбарууд, маш өргөн замын гарц харагдаж эхлэх ба алдарт Шибүяа-гийн бас нэгэн гайхалтай дүр зураг юм. Шибүяа-гийн гарцаар олон зуун, олон мянган хүн зэрэг зөрж гарах нь өөрөө “гайхамшигт үзүүлбэр” мэт болох ба дээд рекорд нь 2 сая хүн өдөрт энэ гарцаар гарч байсныг тэмдэглэсэн байдаг.   



Акихабара: Цахилгаан барааны төв гудамж бөгөөд эгнэсэн олон цахилгаан барааны дэлгүүрүүдтэй. Сүүлийн үед манга сэтгүүл, анимэшн бүтээгдэхүүний худалдаагаар алдаршиж байгаа. Энэ гудамжаас авахыг хүссэн ямар ч цахилгаан бараагаа хайж болох ба үйлдвэрлэхээ болиод удаж байгаа бүтээгдэхүүний сургийг ч гаргаж болдог нь гайхалтай. Шинэ технологийн бүтээгдэхүүнээс гадна хэрэглэж байсан цахилгаан барааны худалдаа ч бий. Ямар нэгэн цахилгаан бараа худалдан авахдаа 220 вольтоор ажиллах эсэхийг лавлахаас гадна 10 мянган ейнээс илүү үнэтэй барааг гадаад паспортоо үзүүлэн татваргүй авах боломжтой.





Роппонги: Шөнийн Роппонги нь Токио-гийн төвд орших өндөр барилга шөнийн үзвэр үйлчилгээгээрээ алдартай дүүрэг. Роппонги гэдэг нь “зургаан мод” гэсэн утгатай. Роппонги Хиллс, Токио Мидтаун зэрэг өндөр барилгуудад олон янзын урлагийн тоглолт, музей үзэсгэлэн, кинотеатрууд байдаг. Роппонги гудамжны шөнийн цэнгээний газар, ресторан, уушийн газрууд нь орчин үеийн интерьер заслаар засагдсан байдаг ба гадаадын жуулчид ихээр цугладаг онцлогтой. Мөн маш олон тооны Элчин сайдын яамдууд байрладаг.






Шизүока муж: Япон улсын бэлэг тэмдэг болсон Фүжи уул оршдог муж юм. Байгалийн сайхан, түүхийн дурсгал бүхий хотууд, далайн эргийн болон уулын халуун рашаанууд, японы уламжлалт үйлдвэрлэлийн олон янзын ёс заншлуудаараа алдартай.

Шизүока муж нь олон зүйлүүдээр бусад мужуудаас ялгардаг. Хамгийн олон рёкан хэмээх үндэсний амралтын газартай бөгөөд хамгийн олон халуун рашаантай гэдгээрээ алдартай. Мөн энэхүү үндэсний амралт рашааныг дагаад хамгийн олон кимоно хувцас үйлдвэрлэгддэг ба хэрэглэгддэг онцлогтой. Олон тосгоныг аялал жуулчлалд зориулан хөгжүүлж, хамгийн их хэмжээгээр ногоон цайны ургамал тариалж, цайны үйлдвэрлэл явуулдаг. Шизүока муж бас олон төрлийн туна загасны аж ахуйг хөгжүүлдэг. Дэлхийд хамгийн урт, нарийхан модон гүүр Шизүока мужид байдаг.

Япон орон ба япон хүмүүсийг халуун рашаангүйгээр төсөөлөх аргагүй юм. Япон нь арлын орон бөгөөд 3000 гаруй галт уултай бөгөөд Шизүока мужийн халуун рашаан нь хамгийн алдартайд тооцогдоно. Токио хотоос гарахгүйгээр орж болох хэд хэдэн халуун рашаан байх ба Одойба дүүрэг дэх Оэдо Онсэн Моногатари-д орж болно.

 

Мэдээллийг боловсруулсан: Монголиан гайд тур ХХК


ТОО
0
0
0