МОНГОЛЧУУД ПАЛЕОНТОЛОГИЙН САЛБАРТ АЙРАГДСАН ХЭВЭЭР

Үлэг гүрвэлийг матар, яст мэлхий, гүрвэлийн ангид хамааруулж байсан нь саяхан. Сүүл үеийн судалгаагаар зарим төрлийн үлэг гүрвэл “шувууны өвөг” болж тогтоогдож байгаа нь энэ салбарын хувьд “хувьсгал” болж байна. Доктор Х.Цогтбаатар Gobihadrosmongoliensis хэмээх ургамал идэшт төрлийг нээсэн бөгөөд шүдний бүтцээр нь усан орчинд амьдардаг, усны ургамлаар хооллодог байх өндөр магадлалтайг тогтоосон.

Хүн төрөлхтний үлэг гүрвэлийн талаархи олж цуглуулсан мэдлэг мэдээллийг судалдаг Палеонтологийн салбарын түүх анх Европод эхэлснээс хойш эдүгээ 150 жил өнгөрсөн. Сүүлийн  50 жилийнх нь дуулиан шуугианууд Ази тивд хамаарч байна. Үүнд Монгол орон чухал байр суурьтай бөгөөд судалгааны хувьд дэлхийд 2-3 дугаарт эрэмбэлэгдэнэ.  

2012 онд Засгийн газар гадаадад хулгайн замаар гарсан олдворууд дээр тулгуурласан “Үлэг гүрвэлийн музей” байгуулсан боловч энэ нь шүүмжлэл дагуулсан. Эрдэмтэд хууль бус малтлагаар илэрч, Монголын хил давсан үлэг гүрвэлийн олдворт тулгуурлан үлэг гүрвэлийн музей байгуулсан нь менежментийн хувьд буруу гэж үзсэн. Дэлхийн технологид бол хулгайн асуудалд өртсөн олдворуудыг танин мэдэхүйн эргэлтэнд оруулахыг хориглодог.  Стандартын дагуу малтлага хийж, олон улсын сэтгүүлд нийтлэл өгүүлэл хэвлүүлж баталгаажуулаагүй олдворыг олон нийтэд үзүүлж байгааг “хууран мэхлэлт” гэж гадныхан үздэг байна.

Гадаад улс орнуудад Монголынх гэдгийг нь шүүхийн тогтоолоор тогтоосон 11 олдвор бий. Түүний 3 нь Батаар буюу Тарбозаврын олдвор. Солонгосоос Франц руу худалдагдаад тус улсын гааль дээр хураагдсан нэг том тарбозавр, Франц, Бельги улсад өөр бусад жижиг олдворууд хадгалагдаж байгаа бөгөөд тэдгээрийг Монголд авчрах зардал төсөв байхгүй байгаа аж.

Дашрамд дурдахад, 2013 онд “Азийн үлэг гүрвэлийн холбоо” байгуулагдаж ерөнхийлөгчөөр нь судлаач Р.Барсболд сонгогдсон. 2014 онд холбооны анхдугаар хурал Японд, 2015 онд Тайландад, 2017 онд БНХАУ-д, 2019 онд Монгол улсад зохион байгуулагдаж 13 орны 85 судлаач оролцжээ.

ТОО
0
0
0