ЛАМЫН ГЭГЭЭН ЛУВСАНДАНЗАНЖАНЦАН

Өндөр гэгээн Занабазарын наран саран мэт хоёр шавийн нэг бөгөөд 1639-1704 оны хооронд амьдарч байв. Нөгөө шавь нь Халхын Зая бандида хэмээн алдаршсан Лувсанпэрэнлэй бөгөөд 1642 – 1715 онд лагшин оршиж байв. Ламын гэгээнтэн шашны нэрт зүтгэлтэн, нэрт оточ, зурхайч хүн байсан ба тэрбээр Чингис хааны 30 дугаар үеийн Хөндлөн цөхүр ноёны ач хүү болон мэндэлжээ.

5 настайдаа хувилгаан хэмээн тодорч, 7 настайдаа тойн хувраг болж Лувсанданзанжанцан хэмээх номын нэртэй болсон. 17 насандаа Төвдийн Үй зангийн орноо Y Далай лам Лувсанжамц, Банчин-Эрдэнэ Лувсанчойжалцан нарт бараалхан багш шавийн барилдлага тогтоож Лхас хотноо судар тарни, чойрын гүн ухаан, анагаах эм, зурхайн ухаанд суралцсанаар Монголын анхны оточ гэгээн болжээ. 1685 онд Монголд анх удаа “Манба дацан-г байгуулж “Анагаах ухааны 4 үндэс” номыг барласан нь Энэтхэг-Түвдийн анагаах ухааныг Монголд дэлгэрүүлэх үндэс болжээ. Хожим эл судрыг өөрийн үгээр дэлгэрүүлэн тайлбар толь болгон бүтээсэн нь XIX зуунд Сүмбэ хамба Ишбалжир, ХХ зуунд Архангайн Цахирын Лүнрэг Дандар нарын эрдэм ухааны үндэс суурь болсон ажээ.

Энэтхэг-Түвд-Монгол эмнэлгийн 3000 гаруй жилийн түүхэн уламжлал, зүй тогтлыг илэрхийлэх оролдлого хийсэн гэж үздэг бөгөөд өнөөгийн Монголын уламжлалт анагаах ухааны онол аргазүйд ихээхэн суурь дэмжлэг болж буй гэдэг. Ламын гэгээн нь Түвдийн оточ Гунгаажанчив, Лувсандамбадаржаа нарт шавь орж, Түвдийн Лхаст оточ эмчийн хамгийн дээд “Лхаржи” цол хүртжээ. Их таван ухаанд гүнзгий нэвтэрч хэд хэдэн номыг түвд хэлээр бичиж үлдээсэн. Түүнийг 1704 онд олон удаа мэс өргүүлэн учир битүүлгээр таалал төгссөн тухай Ламын гэгээний тавдугаар дүр Пэрэнлэйтогмид тэмдэглэн үлдээжээ. Энэ жил Ламын гэгээний мэндэлсний 380 жилийн ой тохиож байгаа аж.