8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

МОНГОЛ БӨХӨН (SAIGA BOREALIS TSCHERSKI, 1876)

Баг. Туруутан - Artiodactyla
Овог.
Тугалмайтныхан - Bovidae

Статус: Нэн ховор, унаган зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн. Бөхөн нутагшдаг бүх орны Засгийн газар, шинжлэх ухааны байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөгч оролцсон олон улсын хурал Улаанбаатар хотноо 2010 онд болж, Монгол бөхөнг тусгаар бие даасан зүйл (Saiga borealis) болохыг хүлээн зөвшөөрч талуудын гэрээг шинэчлэн найруулсан.

Таних шинж: Биеийн урт 116 см, сэрвээний өндөр 75 см, жин 32 кг хүрнэ. Хэржин 25 см хүртэл урт, олон төвгөр үетэй, цайвар шаргал өнгөтэй, хос шорон эвэртэй. Хэрэгчин эвэргүй. Зун улаан шаргал, өвөл цайвар саарал, нялх янзага бор хүрэн зүстэй. Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт 60-70 км хүртэл хурдан хатирдаг.

Тархац, байршил нутаг: Өнгөрсөн зуунд Увс нуурын хонхороос Улаан нуур хүртэлх Их нууруудын хотгор, Нууруудын хөндийн цөлөрхөг хээрт тархан амьдарч байв. 1995 оны байдлаар, байршсан тархацынхаа хориод хувьтай тэнцэх хоёрхон нутагт үлдсэн. Түүний нэг Шаргын популяци Шаргын говийн өмнө, баруун, хойд хэсгээр, эргэн тойрны уулсын бэлээс говийн хонхорын захад тархжээ. Хар Ус нуураас урагш Монгол Алтайн уулсын бэлээр 400 орчим км2 хэсэгхэн нутагт үлдсэн, устах аюулд орсон зүйл. Монгол Алтайн уулсын д.т. 1100-2200 м ар бэлийн баглуур, таана, монгол өвст, шаваг бүхий дагжуур хайрган хөрст, бартаагүй, хэвгий, ээрэм дэнж талд нутаглана. Өвлийн цастай хүйтэн, эсвэл гантай зун нөмөр, бэлчээр дагаж уулсын ам хөндий, толгод доор бэлчдэг. Монгол бөхөн Шаргын говьд 3325 км2, Хүйсийн говьд 6700 км2, Таван хайрхан, Чандманий талын 1173 км2 нутагт байршдаг.

Амьдралын онцлог: Өвс, ус дагаж бэлчээрээ ойр зуурхан сэлгэнэ. Алс нүүдэллэхгүй. Шаргын говьд өвөл 50 хүртэл толгойгоор сүрэглэнэ. Зун сүрэг задарч жижигрэнэ. I сард ороо нийлэг болж, 5 сар орчим хээлээ тээгээд ҮI сарын дундуур төллөнө. Хэрэгчний 16 хүртэл хувь ихэрлэдэг. Хэрэгчний зарим 7 сартайдаа, хэржин 19 сартайдаа үржилд орж эхэлнэ. Говийн хялгана, таана, хөмүүл, баглуур, шарилж зэрэг 30 гаруй зүйлийн өвслөг ургамлаар идэшлэнэ. Таана, хөмүүл зэрэг шүүслэг нялх ургамалтай үед ус бараг уухгүй. Гельминт 17, хачиг 2, арьсны гуур 1 зүйл шимэгчилдэг. Тэжээвэрт малын омруу өвчин хүнд тусдаг. Нялх янзага хүнд хялбар гаршиж бойжсоор бие гүйцэж, хэвийн төлжиж үрждэг.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Байгаль, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр тоо толгой жилээс жилд ихээхэн хэлбэлзэнэ. 1993 оны байдлаар, Шаргын популяци 1400 орчим, Манханы популяци 70 гаруй толгой байв. Шаргын говийн 1000 га-д 5.9 толгой ногдох 1980 орчим, Хүйсийн говьд 1000 га-д 1.6 толгой ногдох 1100 орчим, Чандманий талд 1000 га-д 0.8 толгой ногдох 160 орчим, нийт 3240 толгой монгол бөхөн байна. 2010-2012 онд хийсэн Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн монгол дахь хөтөлбөрийн газрын хамтарсан тооллого судалгаагаар, монголд дунджаар 8000 толгой монгол бөхөн байгааг тогтоожээ. Эврийг Дорно дахины ардын эмнэлэгт, махыг нутгийнхан хүнсэндээ дээр үеэс хэрэглэж, хайр гамгүй агнаснаас тархац нутаг хумигдаж, тоо толгой эрс цөөрсөн. 1990-ээд оноос эхлэн эврийг гадаадад гаргах болсноор хууль бус агналт ихэссэн. Идээшин дассан гол байршил нутаг, ус бэлчээрийг хүн, мал эзлэн шахаж байна. Их цастай хүйтэн өвөл, хавар бөхөн бөөнөөрөө осгож, өлбөрч үхдэг. Ихээхэн гууртдагаас таргалах, байгалийн бэрхшээл даах чадвар доройтож хомсдоход нөлөөлдөг. Байгаль дахь гол дайсан бүргэд. Устах аюулд орсон, унаган зүйл.

Хамгаалсан байдал: 1930 оноос агнахыг хуулиар хориглон, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Монгол улсын улаан ном, Олон улсын улаан ном, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус оруулав. Шарга, Манханыг 1993 оноос улсын тусгай хамгаалалттай нөөц газар болгосон. Тархац, нөөц, биологи, экологийг судалж, гаршуулан үржүүлэх, нутагшуулах ажлыг туршив.

Хамгаалах арга хэмжээ: Байршил нутгийг дайрдаг олон салаа замыг цөөрүүлэн журамлах, зам дагуух хяналтыг сайжруулах. Улсын тусгай хамгаалалтай нутгийн сүлжээнд тархац нутгийг нэмж хамруулах, гаршуулан үржүүлж, байршиж байсан нутагт сэргээн нутагшуулах, мал, бөхөнгийн ус, бэлчээрийн давхцалыг арилгах, биологийн нарийвчилсан судалгааг гүнзгийрүүлэн явуулах, хууль бус агнуурыг таслан зогсоох арга хэмжээ авах, тархац нутгийг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, нутгийн иргэдэд холбогдох хуулийн дагуу хариуцуулан хамгаалуулж, хамгаалалт, хяналтыг тогтмолжуулан, чангатгах, хууль бус агналтыг таслан зогсоох, ган, зуд, гамшиг тохиолдсон үед биотехникийн арга хэмжээ авах, удмын санг хадгалах.

Эх зохиол, мэдээ: 1. Банников, 1954, 2. Эрэгдэндагва, 1954, 3. Банников нар, 1961, 4. Цэвэгмид нар, 1973, 5. Намнандорж, 1976, 6. Ширчин, 1974, 7. Сапожников нар, 1982, 8. Грунин, 1962, 9. БНМАУ-ын ан агнуурын хууль, 1975, 10. Дуламцэрэн нар, 1989, 11. Дуламцэрэн, 1992, 12. Дуламцэрэн нар, 1993, 13. Дуламцэрэн нар, 1994, 14. Закон об охоте МНО, 1930, 15. Дуламцэрэн нар, 1993, 16. Бадрах нар, 1993, 17. Шагдарсүрэн нар, 1987, 18. Болд нар, 1984, 19. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 1994, 20. CITES, 1991, 21. Амгалан нар, 2008. 22. Байгаль орчин хуулийн эмхэтгэл, УБ. 2012, 23. Улаан данс 2006, 24. Бөхөн хамгаалах олон улсын хурлын эмхэтгэл, 2010, 25. Жирнов нар, 2005. 26. ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын тайлан, 2012, 27. Шийрэвдамба нар, 1997. Эх сурвалж: Монгол Улсын Улаан ном, 2013


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0