8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ТЭМЭЭН СҮҮЛ МОГОЙ

Монгол орны говийн бүс нутаг буюу Өмнөговь аймгийн Борзон, Галбын говь мөн Алтайн цаад говиор элс ихтэй газар, заг зээргэнэ, хармаг, торлог, сөөг бүхий довцог, сухай, зэгстэй баянбүрдүүдээр амьдардаг. Аварга могойн овогт хамаарах боловч тийм том биетэй биш.  Нутгийн иргэд Олгой хорхой гэж нэрлэдэг тал бий. Гадна төрхөөрөө бусад могойноос гаднах төрхөөрөө ялгардаг. Олгой шиг толгой, мухар сүүлтэй. Харагдах төрхөөс нь Тэмээн сүүл гэж нэрлэснийг шинжлэх ухаанд авч хэрэглэжээ. Биеийн урт нь 98 сантиметр, сүүлний урт нь 7-8 сантиметр.  Их бие нь шаравтар бор өнгөтэй, түүн дээр бор хүрэн, хар хүрэн өнгийн торлосон толбууд нуруу болон хажуугаар байрлана. Хэвлийн өнгө нь цайвар боловч толбо нь нилүүн шигүү байрласан байдаг. Нүд яльгүй дээш чиглэсэн байдаг.


Энэ могой ховорт тооцогдох учраас Монгол улсын “Улаан ном”-д оржээ. Идээшиж дассан газрынхаа элсэнд түлэгдэж үхэх тохиолдол байдаг. Зуны ид халуунд говьд газрын хөрс 60 хэм хүрч халах тохиолдол бий. Ийм үед бутны сүүдэрт орох эсвэл аргал, модон дээр гарч халуун элснээс биеэ хамгаална. Зарим үед элсэн доогуур гүрвэлзэн явна. Иймээс зуны ид халуунд өдрийн цагаар бараг л үзэгдэхгүй. Нарны эрч буурсан өглөө оройны сэрүүнд хөдөлгөөн нь идэвхжиж хоол тэжээлээ олж иддэг. Харин хавар, намрын улиралд өдрийн турш идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг байна. Янз бүрийн мэрэгч амьтан хулгана, чичүүл, зусаг гэх мэт мэрэгч амьтдаас гадна шувууны ангаахай, дэгдээхэйгээр ч хооллоно. 9 дүгээр сарын сүүлээр ичээндээ орох бөгөөд нүх, ургамлын үндэс, хадны хонгил хөндий, орон байрны хонгил гээд дулаан ая тухтай газрыг сонгодог. Дөрөвдүгээр сарын дунд үеэс ичээнээс гарч, тавдугаар сарын эхээр үржилд ордог. Үржилд орсноос хойш сар гаруй хугацааны дараа буюу зургадугаар сарын дундуур 7-9 зулзага гаргана. Мөлхөгчдийн зарим нь өндөг төрүүлдэг ч тэмээн сүүл могойны хувьд зулзага гаргана. Могойн зулзага нялзрай биш бөгөөд эхээс төрөнгүүтээ л хоол тэжээлээ олж идэхээр гадагшилна. Түүний гол дайсан бол зараа бөгөөд зараа нь могойны маханд маш дуртай ажээ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0