9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ТООДОГ (ХОНИН ТООДОГ)

ХОНИН ТООДОГ

Lat: Otis tarda Linnaeus, 1758

Баг: Тогоруутан – Gruiformes

Овог: Тоодогийнхон - Otididae

Rus: Дрофа, Дудак

Eng: Great Bustard

Jap: Nogan (ノガン)


Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “эмзэг” зүйлд хамаарна.


Таних шинж: Биеийн жин, нас, хүйс, тарга хүчнээс шалтгаалж харилцан адилгүй. Биеийн урт 100см, 16кг жинтэй том шувуу.Далавч харьцангуй урт, мохоо.Сүүл уртавтар.Эр тоодог эмээсээ биеэр арай том.Нуруу ухаа зээрд, хөндлөн хар бараан бидэртэй, толгой, хүзүү үнсэн саарал, хүзүүний уг, хэнхдэг зээрд, хөндлөн бараан бидэртэй.Хоёр шанааны орчимд сахал маягийн урт нарийн цайвар багц өдтэй.Цээж, суга, хэвэл, далавчны доод өд цагаан.Сүүлний захын хоёр өд үзүүрээсээ хар хашлагатай цагаан, бусад өд үзүүр уруугаа цагаан зээрд оройн хэсэгтээ хөндлөн хар судалтай.Харьцангуй өндөр хөлтэй, гурван хуруутай.


Тархац, байршил нутаг: Монголын тал хээрийн нутгаар өргөн тархацтай байсан энэ шувуу Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Завхан, Увс аймгийн зэлүүд талд маш цөөн тоогоор үзэгдэх болжээ. Төв аймгийн Жаргалант, заримдаа Дорнодын Лаг нуурын хавьд цөөхөн тоодог өвөлждөг байсан.Сүүлийн жилүүдэд Эг, Тарвагатай, Тариалан, Эрдэнэбулган сумдын тариан талбайд 20-100 заримдаа түүнээс олон толгой тоодог өвөлждөг болсон.


Амьдралын онцлог: Монголд тоодог III сарын сүүлчээр хосоороо эсвэл сүргээрээ нүүдэллэн ирнэ. Ороо өвөрмөц.Эр бодгалиуд дэвхцэж, цамнах бөгөөд 2-3 эм цугларч, хамгийн томыг сонгон хос үүсгэнэ.Эр 5-6 насандаа, эм 3-4 насандаа бэлэг боловсорч үржилд орно.Бүл үүссэний дараа эм газарт үүр засаад, 2-3 ногоовтор бор өндөг гарган, 21-28 хоног дарна.Эм дэгдээхийгээ бойжуулж, эр ганцаараа эсвэл хэд хэдээрээ нийлж, тал нутгаар хэрэн бэлчээрлэнэ.Төрөл бүрийн үет ургамлын үр, үндэс, нахиа найлзуур, цох, дэвхрэг, хорхойгоор хооллоно.Заримдаа гүрвэл мэлхийг ч идэх тохиолдол бий.


Тоо толгой, хомсдох шалтгаан: Тоо толгойг тогтоогоогүй. Байршил нутагт мал бэлчээрлүүлэх, хадлан авах, газар тариалан эрхлэх, химийн бодис хэрэглэснээс идэш, тэжээл хомсдох, зуданд нэрвэгдэх, хулгайгаар агнах зэрэг байгаль, хүний үйл ажиллагааны шууд болон дам нөлөөнөөс эрс цөөрсөн.Дэгдээхийг шилийн сар, намгийн сахиа, бие гүйцсэн эм, залуу бодгалийг бүргэд барина.Өндгийг үнэг, хярс, чоно, нохой иддэг.Зарим шимэгчдээр өвчилдөг.


Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн, Зэрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад, ОХУ-ын улаан ном, Монгол улсын улаан номд тус тус оруулсан.


Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг судалж, хамгаалах арга боловсруулах, өвөлжих байршил нутгийг тусгай хамгаалалтад авах, зориудаар өсгөн үржүүлэх замаар байгалийн нөөцийг нөхөн сэргээх.


Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013