10. МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛ

СӨД ӨВС

Монгол оронд эмийн болон тагийн сөд гэж хоёр зүйл ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Ховд, Хангай, Дорнод, Монгол Алтай зэрэг нутгаар тархаж, уулын хээр, ойт хээрийн бүслүүрт ойн нуга, намгархаг нуга, нугархаг хээр, алаг өвст тэгш тал, гол горхи, булаг шандны эрэг дагуу, эргийн сөөгөн ширэнгэ, шинэсэн ой, тэдгээрийн зах, ойн нуга, хусан төгөлд ургана. Том үндэслэг иштэй, олон наст ургамал. Иш нь 20-110 сантиметр өндөр, нүцгэн эсвэл уг орчимдоо үерхэг шаргал үстэй, салааныхаа үзүүрт хурууны өндөгнөөс томгүй ягаан хүрэн, хүрэн ягаан өнгийн цэцэг бүхий товчирхуу толгойтой.




Навч нь том, өдлөг нийлмэл, угтаа шүдэрхэг дагавартай. Навчинцар нь 4-6 хос, 2.5-6 сантиметр урт. Цэцэг нь 7-9 дүгээр сард цэцэглэж үрлэнэ. Цэцэг ба үндсээр нь ходоод гэдэсний өвчинд тустай эм хийдэг. Цусан суулга, шамбарам, ходоод гэдэсний архаг үрэвсэл, тууралт, түлэнхийн шарх зэрэгт тустай. Цус тогтоох, нянг үхүүлэх үйлчилгээтэй. Хөдөө явж байхад гэдэс эвгүйрхвэл өдөрт 3-4 толгой сөдийг сайтар зажлан идэхэд тустай.

 

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном