10. МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛ

ХАМХУУЛ БУДАРГАНА

Толгодын бударгана хэмээх луультай овгийн энэ ургамлыг өргөст хамхагтай ойролцоо болохоор зарим нутагт хамхуул гэж нэрлэнэ. Мөн хамхаг гэх нь ч байдаг. Гэхдээ толгодын бударгана хагдарч хатсан үедээ л хамхуултай андуурам болохоос хаа сайгүй хийсэж, хөл дор хөглөрч байдаг хог биш. Бэлчээрийн төдийгүй эмийн асар ашигтай ургамал тул хатсан хойноо энгийн  нэг хамхуул ч гэлээ ургаж байх үедээ шидэт хамхуул юм шүү. Дэрэвгэр салаатай, 10-90 см өндөр болдог, нэг наст өвслөг ургамал. Нүцгэн буюу босоо ширүүвтэр үсээр сийрэг хучигдсан байна. Урт, нарийн салаа бүхий мөчиртэй, сийрэг урт навчтай, доод хэсгийнх нь утсархуу. Цэцэг нь навчны өвөрт хоёр хоёроор байрлан, иш салааны оройд урт, нарийхан түрүү баг цэцэг үүсгэнэ. Цэцгийн дагавар навч, навчинцар нь богино шөвгөрхүү агаад бие биедээ нягт наалдаж байрлана. Цэцгийн шатар эрхтэн таван хэлтэстэй, гонзгойвтор, нүцгэн, үрлэх үед дээд хэсэгтээ үл мэдэгдэм далавчирхуу хоёр хавтаст ургал, дэлтэй болох бөгөөд далавчны доод хэсэг хатуурч, цэцгийн угийн хальстай нийлээд бөөгнөрч ургадаг.

Хэнтий, Хангай, Монгол дагуур, Хянган, Ховд, Монгол Алтай, Дундад Халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий, Дорнод говь, Говь-Алтай, Зүүн гарын говь болон Дундговь аймгийн бүх нутагт ургана. Толгодын бударганыг ургаж байх үед мал дуртайяа иднэ. Малын бэлчээр, уул толгод, хайрга чулуутай сайрын элстэй ёроол, тариа ногооны талбай, айлын бууцан дээр хогийн ургамалтай холилдон ургахаас гадна тарвагны дош, зам, шуудууны хөвөөгөөр ч таардаг бэлчээрийн гоц ашигтай ургамал. Гэхдээ баргийн хүн үүнийг нь мэддэггүй. Хаа сайгүй ургадаг болохоор нь хогийн ургамалтай андуурна. Дасан зохицох чадвар сайтай, гангийн халуун нарыг ч гайгүй сайн тэсвэрлэдэг энэ ургамал өнгөн хэсэгтээ элсжсэн буюу сул элсэнцэр хөрстэй заримдаг цөл ба хуурай атар хээр нутгаар элбэг тархжээ. Бударгана дотроо нэлээд хэдэн төрөл байдаг ба тэдгээрийн хоёр нь бэлчээрийн төдийгүй эмийн үйлдвэрлэлд ашигтайг одоогоор тогтоогоод байгаа. Шинэсэрхүү бударганаар дархлаа сэргээх үйлчилгээтэй, ядаргаанд ялагдашгүй “Салимон”-ыг бүтээсэн бол толгодын бударганы элэг хамгаалж, хүний бие дэх хорыг хөөж гадагшлуулдаг чадварыг нь ашиглан, элэг хамгаалж хоргүйжүүлэх үйлчилгээтэй цай хийжээ.     

ТОО
0
0
0