10. МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛ

НОХОЙН ХОШУУ

Монгол оронд 10 орчим зүйл нохойн хошуу бүртгэгджээ. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Хянган, Монгол Алтай, Говь-Алтай, Дорнод Монголын ойт хээр, хээрийн бүсийн шинэсэн ой, хусан төгөл, тэдгээрийн зах, гол горхины сөөгөн ширэнгэ, уулын ам хавцалд ургана. Өдлөг нийлмэл навчтай, өргөслөг найлзуур бүхий сөөгөнд ургадаг. Тод ягаан улаан жимс нь 8-9 дүгээр сард боловсордог. Найрлаганд нь С аминдэм 18 хувь, сахар 8 хувь, пектин 3.7 хувь, А, В, К, Р аминдэмүүд, каротин, нимбэгний хүчил, алим жүржний органик ислүүд, эфирийн тос, кали, төмөр, марганц, фосфор, кальци, магни, молибден, кобальт, хром зэрэг эрдсүүд агуулагддаг.



Навч нь С аминдэмээр нэн баялаг. 100 грамм хатаасан нохойн хошуунд 1200 милограмм хүртэл С аминдэм байдаг байна. Түүсний дараа хатааж хэрэглэнэ.  200 миллилитр усанд 20 грамм буюу цайны халбагаар 2 байхаар хатаасан жимсээ хийгээд 10 минут буцалгаж, таглааг нь авахгүйгээр 24 цаг байлгаад давхар марлиар шүүнэ. Шүүхийн өмнө үрийг нь сайтар няцлах хэрэгтэй. Хандыг хагас стаканаар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ. Халуун бууруулах, бөөрний чулуу хайлуулах, ходоодны шархыг эмчлэх, шээс гадагшлуулах, хаван хөөх зэрэг өвчний үед ууж хэрэглэдэг. Элдэв яр шарханд шүүсийг нь түрхэхээс гадна арьс цэвэршүүлэх зорилгоор гоо сайхны эмчилгээнд хэрэглэдэг. Мөн цус багадалттай хүн байнга хэрэглэвэл ашиг тустай. Сүүлийн үед мэс заслын дараах хүндрэл, төрөхийн үеийн цус  алдалт зэрэгт өргөн хэрэглэдэг болсон байна. Нохойн хошуугаар төрөл бүрийн ундаа хийж байнгын хэрэглээ болговол биеийн дархлааг сайжруулж, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Ундааг хийхдээ буцалгаад бэлэн болгосон 1 литр усанд 10 цайны халбага хатаасан нохойн хошууг хийгээд зөөлөн гал дээр буцалгахгүйгээр 5-10 минут байлгаж бэлдэнэ.

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном