11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ӨМНӨГОВЬ - ГУРВАНТЭС СУМ

Аймгийн төвөөс 320 км зайд орших хамгийн том газар нутагтай сум. Өмнөд хэсгээрээ БНХАУ-ын Өвөрмонголын Альша аймагтай хилийн худалдааны байнгын  боомттой. Өмнөговь аймгийн есөн гайхамшигийн нэг Нэмэгт, Хэрмэн цав, Алтан уул, Зулганайн гол, Наран даац, Ухаа толгод зэрэг өвөрмөц сонин тогтоц бүхий газар нутагтай. 

Гурвантэсийн нутгаас 1946 оноос социалист орнуудын хамтарсан судалгааны багууд үлэг гүрвэлийн томоохон олдворуудыг олсон бөгөөд дэлхийн палеонтологийн шинжлэх ухааны түүхэнд нэн чухал газар юм. Гурвантэс суманд дэлхийд ховор Тоорой модны багагүй нөөц бий.

Газар нутгийн 60 хувь нь Улсын тусгай хамгаалалтанд орсон байдаг.  Сумын төвөөс нь баруун хойш 45 км зайд орших Тостын ууланд “Цоохор ирвэс судлан хамгаалах төв” 2000 оноос ажиллаж эхэлсэн. Энд одоогоор 20 орчим ирвэс тогтмол амьдарч байгаа бөгөөд түүний идэш тэжээлийн гол нөөц янгир ямаа олноороо сүрэглэн амьдардаг.  Судлаач Т. Лхагвасүмбэрэлийн судалснаар энэ орчинд  800 орчим янгир тогтмол амьдардаг.  Хамгаалалт судалгаа сайн хийгдэж байгаа нь ирвэсийн өсөлтөнд эерэгээр нөлөөлж байна. Тост уул нь одоогийн байдлаар дэлхий дээрх цоохор ирвэсийн хамгийн их нягтрал бүхий уул гэж тооцогдож байна.

Гурвантэс сумын өмнөд хэсэгт коксжих нүүрсний томоохон уурхайнууд бий. Эндээс БНХАУ улс руу жилдээ 5 сая хүртэл тонн коксжих нүүрс экспортолж байна.


Хэдийгээр Монголын аялал жуулчлалын салбарт нэн чухал газар орны нэг боловч өнөөг хүртэл жуулчны бааз байгуулагдаагүй.  2013-2016 онд  тавигдсан Даланзадгад хот ба Гурвантэсийн  320 км хатуу хучилттай авто зам нь Гурвантэсийн хөгжилд ихээхэн үр нөлөө үзүүлэх болно.

 

 

ТОО
0
0
0