11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ДУНДГОВЬ АЙМАГ

Өвөрхангай, Өмнөговь, Төв, Дорноговь аймгуудтай хил залгадаг. Аймгийн төв Мандалговь нийслэл Улаанбаатараас 260 километр зайд оршдог. Газар нутгийн хэмжээ нь 74.7 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 38821, малын тоо толгой 1111500. Засаг захиргааны нэгжийн хувьд 15 сум, 65 багтай. Дундговь аймаг 1942 онд “Ембүү дэрсэн ус” гэдэг газар байгуулагдсан. Аймгийн нутаг дэвсгэрийн хойт хэсэг хуурай хээрийн бүсэд, урд хэсэг цөлөрхөг хээрийн бүсэд багтдаг. 



Тус аймагт Дэлгэрхангай, Адаацаг, Их бага газрын чулуу зэрэг үзэсгэлэнт ховор сонин тогтоцтой уулууд, Эргэнэг, Нэмнээ, Хайрхан, Загийн усны хоолой зэрэг өргөн уудам говиуд, Өөш манхан, Цагаан суварга,  Дэлгэрийн Чойр, Сангийн далай, Үнэстэй, Зуут, Онгийн хийдийн туурь, зарим сүм дуган, Шарангадын Монгол бичигт агуй, Зараа бугын хөшөө, Дэл уулын 32 хүн хөшөөтэй булш, Ар зүлэгтийн дөрвөлжин булш зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой, түүх соёлын дурсгалт олон арван газар байдаг. 

Ашигт малтмалын арвин их нөөцтэй. Тухайлбал чулуун ба хүрэн нүүрс, хайлуур жонш, цагаан тугалга, цайр, гөлтгөнө, төмөр, алт, мөнгө, уран, байгалийн будаг зэрэг 33 нэр төрлийн ашигт малтмалын орд, илэрц олдож судлагдсан. Бүс нутгийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц Хараат, Буянтын ураны, Эрээний төмрийн хүдрийн,  Хөөт, Их-улаан нуур, Тэвш, Өвдөг худгийн нүүрс, шатдаг занарын Шар шороот, Булаг хөөтийн эрдэс будгийн, Тарагт, Ширээ уулын гөлтгөний болон барилгын материалын ихээхэн нөөц орд байна. Тус аймгийн хүн ам, үйлдвэр үйлчилгээ, бэлчээрийн мал аж ахуйн усан хангамж жилийн 4 улиралд газрын доорхи усаар хангагддаг, гадаргын усны хувьд байнгын тогтмол нуургүй, ихэвчлэн хур борооны усаар тэжээгддэг цөөн тооны булаг, шандтай. Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумдын нутгаар 44 километр үргэлжлэх Онгийн голын ус сүүлийн жилүүдэд сэргэж байгаа.

Дундговь аймгийн 7 гайхамшигаар Их газрын чулуу, дэл уул, Бага газрын чулуу, Онгийн хийдийн туурь, Морин хуурын хөшөө, Өөш манхан, Дэлгэрхангай уул зэрэг газрууд тодорчээ.