11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

БАЯНХОНГОР - БАЯНЦАГААН СУМ

Баянцагаан сум нь 1923 оноос өмнө Засагт хан аймгийн Жонон вангийн хошуу, 1923 оноос Баян-Өндөр уулын хошуунд харьяалагдаж иржээ.

Улсын бага хурлын 1931 оны 2-р сарын 7 өдрийн тогтоолоор Хантайшир уулын аймгийн Жавхлант уулын хошуунаас Говь–Алтай аймгийн Баянцагаан сумыг байгуулсан байна.  Баянцагаан сум 1934 онд Завхан аймагт, 1940 онд дахин Говь-Алтай аймагт, 1942 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сум болон шилжсэн түүхтэй.

Тус сум нь анх Харын шанд, Хүрэн дэл, Далан түрүү гэдэг газруудад төвлөрч байгаад 1957 оны газар хөдлөлтийн дараагаар 1958 онд Баянбулагийн дэнжид төвлөрсөн байна. Монгол-Алтай нурууны төгсгөл Гичгэнэ уул, Говь-Алтай уулсын эхлэл Баянцагаан уул, түүний салбар уулс, тал хөндийд 539513,0 мянган га дэвсгэр нутагтай, хилийн нийт урт нь 400 км  орчим бөгөөд өөрийн аймгийн Бууцагаан, Баацагаан, Жинст, Баянговь Шинэжинст, Баян-Өндөр Говь-Алтай аймгийн Чандмань сумуудтай хил залгаа оршдог.

Бахар уул, Холбоогийн гол, Аргалант уулын өвөр, Баянцагаан уулын ар, өвөр, Гичгэнэ уулын урд үзүүрт алтны хайгуулын ажил хийж, нутаг дэвсгэрт илэрц байгааг олж тогтоосон.

Барилгын засал чимэглэл гоёлын цагаан гантиг болон шохойн чулууны арвин их нөөцтэй. Сумын төвийн орчимд байгаа шохойн чулууг хээрийн аргаар боловсруулан дээд хэмжээний чанартай шохойг ашигладаг. Хулангийн шандны нүүрсний ордоос гар аргаар олборлон айл өрх албан газрууд хэрэглэж байна. Алтан дэвшийн гол, Бунхантын хужир шүүгээр угаалгын нунтаг, Улаан эрэгний цайны хужраар хүнсний сода, Хар үзүүрийн зосоор төрөл бүрийн будаг үйлдвэрлэх боломжтой.

Баянцагаан сумын нутагт нэн ховор амьтан болох аргаль, янгир, угалз, ирвэс, хар сүүлт мөн ан агнуурын зориулалтаар ашиглаж болох чоно, үнэг, хярс, мануул, тарвага, туулай элбэг тохиолдоно. Таван салаа, царван, зээргэнэ, зэрлэг цахилдаг, алтан гагнуур, гоёо, соорол зэрэг ургамал аль ч уул тал, хөндийд элбэг.

ТОО
0
0
0