11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

СҮХБААТАР - БАРУУН-УРТ СУМ

Баруун-Урт нь Сүхбаатар аймгийн төв. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд адил нэртэй сум гэгдэнэ.

Улаанбаатараас 556 км, Сайншандаас 350 км, Өндөрхаанаас 230 км, Чойбалсангаас 190 км зайд байрладаг. Аймагт арилжааны 3 банк, ШУТИС-ийн салбар сургууль зэрэг 260 орчим аж ахуйн нэгж, албан байгууллага ажиллаж байна.

Баруун-Урт сумын газар нутаг нь 59 км², нягтшил нь 265 хүн/км²(2008). Сүхбаатар сумаар хүрээлэгддэг.

Хотоос хойд зүгт 13 км-ын зайд Төмөртийн Овоогийн Цайрын уурхай байдаг

1943 онд аймгийн төв Баруун-Урт хэмээх бяцхан голын хөвөөнд шилжин суурьшсанаас эхлэн тэр голын нэрээр нэрлэгдэх болжээ. АИХ-ын тэргүүлэгчдийн 1957 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар зарлигаар аймгийн төвд 4 хоринтой хороо захиргааны нэгжийг байгуулж бие даасан үйл ажиллагааны эхлэлийг тавьсан бөгөөд улмаар 1965 онд Баруун-Урт хот гэж нэрлэн хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа болгон эрх үүргийг нь өргөтгөсөн байна.

1992 онд Баруун-Урт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа нь сумын зохион байгуулалтад шилжиж сумын засаг дарга, тамгын газар, 9 багтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. УИХ-аас 1994 онд баталсан Монгол улсын хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Баруун-Урт нь аймгийн зэрэглэлтэй хотын статустай болж сумын засаг дарга хотын захирагчаар давхар томилогдож, тамгын газрын дэргэд хотын захирагчийн алба байгуулагдан хот тохижилт, дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцан ажиллаж байна. 2018 оны жилийн эцсийн хүн амын тоогоор 21000 гаруй оршин суугчидтай болсон. Мөн хөдөөгийн 8 дугаар баг нь малын тоо толгойгоор Улсын хэмжээнд 1 дүгээрт байдаг байна.

ТОО
0
0
0