11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

СҮХБААТАР - ЭРДЭНЭЦАГААН СУМ

Эрдэнэцагаан нь Сүхбаатар аймгийн сум юм. Тус суманд Талбулаг, Цагаан-Овоо, Бадрах, Хонгор, Билүүт, Жаргалант, Халынбулаг, Алтан-Овоо гэсэн 8 багийн 6,527 (2012) хүн амьдарч байна. 1924 оны 4 дүгээр сард Улсын бага хурлын шийдвэрээр Эрдэнэцагаан уулын хошуу нэртэйгээр анх байгуулагджээ. Аймгийнхаа хамгийн зүүн өмнөд хязгаарт, 17,3 мянган х.д. км газар нутагтай. Газар нутаг нь тал хээрийн бүст багтана.

Дархан цаазат Лхачинвандад уул, Зотол хаан, Уртын цагаан овоо, Норов уул, Бяруутын баян цагаан, Чандмань уул зэрэг уулстай. Хөндлөн Хайлааст, Хэцүүгийн ам, Яам хад, Баян хайлс, Мойлтын өндөр зэрэг үзэсгэлэнт газар олонтой. Хонгор, Жаргалант, Хад, Могойн гол, Усан хөл, Чоно гол зэрэг 20 гаруй булаг, горхитой. Рашаан Цайдам, Далай булаг зэрэг рашаан устай.

Хонгорын голын алт, Чоноголын гянт болд, Нүхтийн молибден,Баянцогтын нүүрсний орд газартай. Сумын төв нь Чоно гол. Баруун-Уртаас 217 км, Улаанбаатараас 777 км зайтай. 4639 хүн амтай. Халх, хуучид, үзэмчин, дарьгангачууд амьдардаг.

Хүрэн, цайвар хөрстэй. Тал хээрийн өвс ургамлаас гадна сөд өвс, царван, бонго зэрэг эмийн ургамал ургадаг. Буга, бор гөрөөс, цагаан зээр, тарвага, үнэг, чоно, мануул байхаас гадна цөөн тооны илбэнх, хар сүүлт, шилүүс байдаг. 137,6 мянган малтай. Илүү нугаламт үзэмчин үүлдрийн хонь өсгөн үржүүлдэг. Тоо толгой нь жар гаруй мянгад хүрээд байна.


ТОО
0
0
0