11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

БАЯНХОНГОР - БОГД СУМ

Сайн ноён хан Намнансүрэнгийн захирч байсан гол хошууны их хамжлага албатууд суудаг байсан нутаг юм. Нутгийн шүтээн болсон Арц Богд ууланд нь дэлхийд ховор чүнчигноров чулуу, өнгө нь гэрэлд үргэлж хувирч харагддаг судалт болор хэмээх эрдэнийн чулуунууд байдаг. Мөн эртний чулуун зэвсгийн доод үед хамаарагдах Дархны газар, Илжгэн чихт хааны мөр хөвийн хоолойн чулуун хана, Сэрвэнгийн арын Гамингийн тойром, Ноён хутагтын хийдийн туурь, Тэвш уулын хадны моринд хөллөсөн дөрвөн дугуйт тэрэгтэй хүмүүсийн сүг зураг бүхий бичигт хад зэрэг түүхэн дурсгалт газрууд олон бий.


Энэ нутагт “Өршөө багш” хэмээн хайрлагдсан Б.Содномцэрэн тус сумын Хүн хэрээгийн эхэн түрүү гэдэг газар 1882 онд мэндэлжээ. Эрдэнэ мэргэн ноён хутагт Б.Содномцэрэн таван эрдэмд гаршсан олон ном зохиосон, олон гадаад хэлтэй эрдэмтэн байжээ. Өршөө багш Далай лам, Ванчин Богдоос ямба эдлэн долоон давхар магнаг олбог, шар ногоон дүгтэй (сүүдрэвч), найман дадартай Манжийн хааны алтан, Богд хааны мөнгөн тамгатай хутагт байжээ. Богдын Засгийн үед хоёр тамгатай найман хутагт байсны нэг юм.


Монгол анхны бараа судлаач Дэмчигийн Даваадэгд анх ЗХУ-д дээд сургууль дүүргэсэн анхны эмэгтэй билээ. Тус сумын хөдөлмөрчид 1942 онд улсад бэлтгэх бүх төрлийн ноос бэлдэх, мал өсгөх төлөвлөгөөг 102.2 хувиар биелүүлэн нэгдүгээр байр эзэлж Маршал Х.Чойбалсан тус суманд ирж Засгийн газрын хүндэт үнэмлэх, үүрд хадгалагдах улаан тугийн хамт гардуулж байжээ. 1967 онд бүх төрлийн мал бэлтгэлийн төлөвлөгөөг 101-111 хувь биелүүлэн улсад тэргүүн байр эзэлсэн тул БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн төв зөвлөл, МХЗЭ-ийн Төв хорооны шагналыг Ю.Цэдэнбал дарга сумын хөдөлмөрчдөд өөрийн биеэр гардуулж байсан түүхтэй. Төрийн хоёр удирдагч өөрсдийн биеэр морилон ирж шагнаж байсан сум Монголд ганцхан ажээ.