11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

БАЯНХОНГОР - ШИНЭЖИНСТ СУМ

Баянхонгор аймгийн Шинэжист сум: Анх Хантайшир уулын аймгийн Бай Баян-Өндөр уулын хошуу буюу Жонон вангийн хошууны хамжлага ардуудаас бүрдсэн сумыг таслан байгуулж нутгийнхны шүтээн “Залаажинст” уулаар нэрлэж, “Ямаан дээлт” хэмээх хочтой Гоонсүрэн хэмээх хүнээр даргалуулсан түүхтэй ажээ. Гэтэл “Баартагчингуудын хөдөлгөөн” гэгч өрнөж шинэ сумын удирдлагад захирагдахгүй зөрчилдсөнөөс 1932 оны үеэс сумыг буцаан нэгтгэхэд хүргэжээ. Хожим 1956 онд нэгдэлжих хөдөлгөөний ялалттай давхцуулан Шинэжинст сумыг сэргээн байгуулсан байна.


1955-1956 онд Шинэжинст суманд анхны жижиг нэгдлүүд үүсэж, 1958 оны намар тэдгээрийг нэгтгэн “Дэлгэрэх” нэгдлийг байгуулснаар тус сумын хөгжил цэцэглэлтийн түүх эхэлжээ.  Анх Эхэн Хавцгайтын ам буюу одоогийн Хар хадны зуслан орчимд сумын суурийг тавихад 52 мянган малтай, мянга хүрэхгүй хүн амтай байв.


Эдүгээ сумын мал 200 мянга давж, 2015 оноос төвийн эрчим хүчинд холбогдож, зах хязгаар газарт тохиолддог бэрхшээлүүдээс бага багаар ангижирч, эдүгээ өндөр хурдны цахим сүлжээ, үүрэн холбооны операторууд бүхий шинэ цагийн төв суурин болж хөгжиж байна.


Тус сумаас БНМАУ-ын аварга малчин П.Сүхээ, С.Галдан, П.Гомбо, С.Хорол, Ц.Гантөмөр нарын аймаг, сумын аварга малчид олноор тодрон гарсан бол эрдэм оюуныг эрхэм болгосон П.Галсан, Б.Норжванчиг, Э.Сандагдорж, М.Даваа, Б.Дармаа, Л.Жаргалсайхан, Г.Бямбасүрэн нарын арав гаруй доктор цолтон төржээ.


Залаажинст нутгийн Бурхант, Бамбуу, Эхийн гол, Цагаан бургас, Өлзийт, Мухар задгай зэрэг байгалийн сайхан нь хаана ч давтагдахгүй өвөрмөц юм. Говийн гоёл болсон үзэсгэлэнт баянбүрд бүхий газруудад нь хар сүүлт зээр, хулан хавтгай, мазаалай баавгай, цөөвөр чоно, цоохор ирвэс зэрэг дэлхийд ховор амьтад нутагладаг. Ногоон цавын хоолой, Дөш хайрхан, Дархан булаг, Цагаан хаалга, Улаан хайрхан, Зуун мод, Хүж хад гэх мэт аянчин жуулчдын сэтгэлийг соронздон татдаг байгалийн үзэсгэлэн төгс газруудтай.


Шинэжинст сум цагаан ямаагаар алдартай бөгөөд дэлхийд хамгийн нарийн ширхэгтэй цагаан ноолуур бэлтгэж гаргадаг. Өөрөөр хэлбэл, улсад хамгийн чанартай цагаан ноолуурын дээд үнийг тогтоож байдаг сум гэж хэлж болох ажээ.


Уран зохиолд мөнхөрч, ард түмний оюун бодолд сүмбэрлэсэн хилчин уул, эх нутгийн минь байгалийн харуул, ЮНЕСКО-гийн шим мандлын санд бүртгэлтэй домогт хөх сүмбэр оргил Сэгс Цагаан Богд хайрхан энэ л сумынх. Найраглалын гол дүр болсон тэмээчин бүсгүй Надмидын Сүхбат нь уран зохиолд мөнхөрсөн баатар төдийгүй нутаг усаа олон түмний танил болгож алдаршуулсан гавъяатай хэмээн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ.