11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ТӨВ - ЦЭЭЛ СУМ

Цээл сум: Улаанбаатар хотоос баруун тийш хатуу хучилттай замаар 100км яваад Төв аймгийн Баянхангай сумын Атар суурин хүрнэ. Тус суурингаас баруун хойш салсан шороон замаар 60км зайд байх Угтаалцайдам сумаар дайрч, цааш 20км яваад Цээл суманд хүрнэ. Хуучнаар бол “Залуучууд” Сангийн аж ахуй гэдэг нэрээр нь хүмүүс андахгүй. Цээл сум 1976 онд Угтаалцайдам сумаас тасарч өнөөгийн төрхийг олсон бөгөөд анх атрын шинэ аж ахуй байгуулах зорилгоор өрх тусгаарласан. 1977 онд албан ёсоор Цээл сум болж Монгол Улсад нэгэн сум нэмэгдсэн түүхтэй.


Сумын уугуул иргэд нь тариачин ард түмэн бөгөөд тариаланч, ногоочин, малчин иргэд хэмээн гурван бүлэгт хувааж болно. Газар нутгийн хувьд Орхон, Сэлэнгийн сав газрын ойт хээрийн бүсэд хамаарах ба сумын төвийн баруун хэсэг, хойд талаараа говь нутгийг санагдуулам элсэрхэг. Нутгийнхан “Элсэн цагаан” хэмээдэг бөгөөд мойл жимсний монос мод ихээр ургадаг.


Эдүгээ Цээл суманд тариа тарьдаг иргэн, аж ахуйн нэгж, компани олон учраас аймгийнхаа улаан буудайн гуравны нэгийг бүрдүүлдэг. 2010 онд Цээл сум улаан буудайн ургацын хэмжээгээрээ аймагтаа тэргүүлж байжээ. Мөн хамгийн олон Улсын аварга тариаланч төрсөн сум юм. Сумын сангийн аж ахуйн анхны даргаар ажилласан хүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Бэгзийн Батчулуун ажээ. Б.Батчулуун дарга Монгол улсын гурил тэжээлийн сан хөмрөгт 550 гаруй мянган тонн дээд зэргийн чанартай улаан буудайг нийлүүлсэн амжилтаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол авсан гэдэг.


Цээл сум тариалангаас гадна хадлан бэлчээрийн газар нутгаараа алдартай. Ойт хээрийн сав газарт байдаг учраас үржил шимт ургамал ихтэй. Увс, Баян-Өлгий зэрэг олон аймгаас малчид отор хийж ирдэг байна.


Сумын хойморт Майхан гээд уул бий. Түүний араар сумын хойд хаяаг хашаалан байрлах Шахайт хэмээх уул, харин сумын урд талаар багавтар хадтай цохио мэт харагдах эгц өгсүүлчихдэг Талын хайрхан хэмээх уул бий. Баруун талд нь Их Хишигт, Бага Хишигт гэх хайрханууд зэрэгцээ оршдог. Ийнхүү уулаар хүрээлэгдсэн хэсэгхэн хонхорт сумын төв байрлана. Сумын төвөөс хойш 10км хүрэхгүй зайд Бурхантай нуур бий.  Хажуудаа бурханы барималтай учраас ийнхүү нэрлэгдсэн ба зуны улиралд айлууд эргэн тойронд зусаж, мал адуу багширч байдаг. Нуурын зүүн хаяанд Хар нуур хэмээх дэрс ихтэй жижиг нуур бий. Хэдэн мянган хонь дэрстэй хөндийд нь орвол харагдахгүй ба тус хөндий нэлээдгүй үргэлжилнэ.