11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ДОРНОД - ХАЛХГОЛ

Халхгол сум: Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошууны нутаг одоогийн Дорнод аймгийн Халхгол сум 320 гаруй жилийн түүхтэй. Халхгол сум нь Монголын зүүн хязгаар бөгөөд газар нутгийнхаа хэмжээгээр томоохонд тооцогддог сумдын нэг. Халхгол нь баруун талаараа Матад сумтай, хойд талаараа БНХАУ-ын Хөлөнбуйр, зүүн талаараа БНХАУ-ын Хянган, өмнөд талаараа БНХАУ-ын  Шилийн гол аймгуудтай хиллэдэг. Монголын ардын арми, Оросын улаан армитай хамтран Квантуны армийг бут нэргэсэн 1939 оны байлдаанаас эхлээд энэ сум үзэж туулсан түүх арвинтай.


Ялалт баг хамрах хүрээгээрээ сумандаа голлох байр суурьтай. Буйр нуур энэ багийн нутаг дэвсгэрт харъяалагдах бөгөөд Хятадтай хиллэдэг цорын ганц усан хил гэдгээрээ онцлог. Нуурын нийт талбайн 10 хувь нь Хятадын эзэмшил нутагт харъяалагддаг. Аймгийн төвөөс 340 км, Халхгол сумаас 65 км зайтай Буйр нуур Дорнод Монголын их талд мэлтэлзэн цэлэлзэх нь зэрэглээнд саатсан саран лугаа үзэсгэлэнтэй. Нуурын эрэг далайн наран шарлагыг санагдуулам алтан шаргал элсээр хүрээлэгдэнэ. Тус нууранд зургаан овгийн зургаан зүйл загас амьдардаг.


Буйр нууранд XIX зууны үеэс л загасчилж байсан ба улмаар 1954 онд Буйр нуурын зүүн урд эрэгт загас агнуурын улсын үйлдвэр бий болсноор загасны аж ахуйд суурилсан суурин газар бий болсон. Тухайн үед нэг га талбайгаас 6.5 кг загас агнахаар тооцоолж жилдээ 300 тн загас олборлох нөөцтэйг тусгасан байдаг. Эдүгээ тус сууринд 20 гаруй айл амьдарч байна. Загасны үйлдвэр нь хэдэн хэсэг хуваагдаж айл болгон хувьдаа жижиг модон завьтайгаар загасчилдаг болжээ. Анх улсын төлөвлөлтөөр загасны үйлдвэр байгуулагдахад илгээлтээр Хэнтий, Сүхбаатар, Баян-Өлгий зэрэг олон аймгаас иргэд ирж ажилласан байдаг. Тэр үед илгээлтээр ирж байсан иргэд үйлдвэр татан буугдахад ихэнх нь бууриа сахиж үлджээ. Өвлийн улиралд тонн тонноор нь загас агнаж нөөцлөөд хаврын тарчиг цагаар борлуулж мөнгө болгон амьжиргаагаа залгуулдаг.  Нэг айл дунджаар 1.5 тонн загас нөөцөлдөг байна. Хөвсгөл, Сэлэнгийнхэн загасаа голчлон утаж болгоод худалддаг бол энэ нутгийнхан шилэн саванд нөөшилж зардгаараа алдартай. Хэрвээ явуулын хүн, хятадууд авахгүй бол урагш хэдэн км-ийн зайд байх газрын тосны “Дачин Тамсаг” компаний хүнсэнд нийлүүлдэг. Ийнхүү агнасан загасаа борлуулж гурил будаагаа авахаас гадна үлдсэнийг нь нөөцөлж үр хүүхдийнхээ сургууль соёлын төлбөрт өгнө. Хилийн боомт ойрхон учраас хятадуудаас хараат амьдрал тэнд аль хэдийнэ бий болжээ.


Халхгол сумынхаа араар баруун тийш хөндлөн урсаж боомтын хоймроор дайраад Буйр нуурт цутгадаг. Буйр нуурын гол цутгал нь Халхгол юм. Харин Буйр нуураас эх авсан голууд гадагш цутгана. Боомтын араар урсах голын урсгал дундуур Монгол Хятадын усан хилийг тогтоосон.


Сумын түүх: 1924 онд хошууны их хурал хуралдаж Сүжигт вангийн хошууг 6 сумтайгаар, тамгын газрыг нь захиран тушаах, зарга шийтгэх, цэргийн, сангийн гэсэн 4 хэлтэстэй байгуулжээ. Энэ зохион байгуулалтаар гол сумыг хувааж Буйр нуур, Эрдэнэ, Түмэн-Өлзийт, зүүн сумыг Халхгол, баруун сумыг Цагаан уул, Дайван, Хунт, Ташгай гэж нэрлэн 6 сумтай болсон байна. 1924 онд шинэчлэн байгуулагдсан Хан Чандмань уулын (Эрхэмсэг бэйс) хошууг хүн ам, мал цөөн учир Баян-Өлзий сум болгосноор уг хошуу нь 7 сумтай болжээ. 1928 онд Халх, Нөмрөг голын буриад хошууг Халхголын хошуунд нэгтгэсэн байна.


1925 онд хошууны сургууль, харилцан туслалцах хоршоо, 1930 онд хүн, мал эмнэлгийн салбаруудыг байгуулжээ. Халхголын дайнаас өмнө дээрх сумдыг төр засгийн шийдвэрээр нэгтгэснээр Хунт, Халхгол гэсэн хоёр сум болсон байна. 1930-аад оны сүүлчээр Япон, Манжийн зүгээс өдөөн хатгаж хил хязгаарын байдал хүндрэх үед Халхгол, Хунт сумынхныг нутгийн гүн рүү, одоогийн Хөлөнбуйр сумын нутаг Шашин хурах гэдэг газар татан ирүүлж нутаглуулжээ. Сүүлд хил хязгаар тайван болоход 1946 онд буцаан нүүлгэж Баянбүрд гэдэг газар сумыг төвлөрүүлсэн байна. Энэ суманд Завсар булаг, Халхгол, Буйр нуур, Хунт, Эрхэт, Социализмын зам нэгдлүүд 1939 оны эхэн үед байгуулагджээ. 1954 онд Хунт сумыг Халхгол сумтай нэгтгэж Халхгол сумыг аймгийн төвөөс хэт алслагдсан гэж үзэж Чойбалсан хотоос зүүн урд, Хэрлэн голын ойролцоо баруун Дэлгэрэх гэдэг газар нүүлгэн ирүүлжээ. 1959 онд Халхгол, Буйр нуур, Хунт, Эрхэт, Социализмын зам зэрэг жижиг нэгдлүүд нийлж “Ялалт” гэсэн нэг том нэгдэл болжээ. Энэ нэгдлийн мал сүрэг, машин техник, барилга зэргийг 1990-ээд оны эхээр хувьчилж тараасан байна. УИХ-ын 1994 оны 7-р сарын 8-ны өдрийн 62-р тогтоолоор Халхгол сумыг Сүмбэр сумтай нэгтгэж Халхгол нэртэй сум болгон Дорнод талын Мэнэн, Бадам-Иш, Тамсагбулаг, Их Хянганы салбар уулс, Нөмрөг, Соёлз, Хулд, Дархан уулнаас баруун тийш Вангийн Цагаан уул, зүүн хойш Буйр нуур, Халхголыг хамарсан уудам газар нутагтай сум болжээ. Хуучин Халхгол сум одоо “Ялалт” нэртэй баг болсон байна.


Сумын нутаг дэвсгэр нь 2809299 га, үүнээс бэлчээрийн газар 1371793 га, хадлангийн талбай 353765 га, тариалангийн газар 45878 га байна. Сумын төв нь УБ хотоос 1000 км, Чойбалсан хотоос 340 км алслагдсан Хамар даваа. Энэ сумын нутаг дэвсгэрт Японы түрэмгийлэгчдийн эсрэг Монголын ард түмний явуулсан шударга дайн байлдааны дурсгалт музей, домогт газрууд олон бий.


Говь, тал, ойт хээрийн байгаль хосолсон, ховор ургамал, ан амьтан, гол, нуур, булаг олонтой, ой модтой нутаг юм. Халх, Нөмрөг, Нарийн, Дэгээ, Бүр, Галдастай, Бор цагаан, Чулуут, Алтан, Могой, Азарга, Баян, Шинэ гол зэрэг том, жижиг 20 гаруй голууд, Буйр, Таван Ташгай, Хунт, Гүү, Азаргын манханууд, Хэрээ, Хулд, Баянцагаан, Вангийн цагаан уул, Дархан, Салхит, Улаан-Өндөр зэрэг олон уул, нурууд, Бадам-Иш болон Мэнэнгийн уудам тал энэ суманд багтана. Дорнод Монголын Халх, Нөмрөгийн дархан цаазат газарт дэлхийд ховордсон ан амьтан, ургамалтай. Цогтсүмбэр, Хулд, Вангийн цагаан уул зэрэг тахилгатай уул овоотой. Уул нуруу, манхануудаар нарс, хус, хайлаас, бургас, буйлс, яшил, улиас, үрэл, мойлны мод ургадаг. Мөн бор гөрөөс, цагаан зээр, шилүүс, илбэнх, дорго, гахай, баавгай, хандгай, халиу, үнэг, хярс, чоно зэрэг 100 орчим төрлийн жигүүртэн шувууд, булуу цагаан, тул, улаан сүүлт, цурхай загас элбэг бий.



1950-аад оны сүүл үеэс ЗХУ-ын тусламжтайгаар явагдсан атрын хайгуулаар Халхголын районд газар тариаланд тохиромжтой 273 мянган га талбай илрүүлсний 91.1% нь агро үйлдвэрлэлийн I-II бүлэгт багтах бөгөөд 24-44 см зузаан ялзмагт үетэй, 2.5- 3.2 хувийн ялзмагт хөнгөн ба дунд зэргийн шавранцар хөрстэй. Газар тариалангийн гол район болсон зүүн хараа Сэлэнгэ аймгийн цаг агаараас ургамал ургах хугацаагаар 30 гаруй хоногоор урт буюу 134 хоногт хүрч жилдээ 250-450 мм тунадас унадаг байна. Энэ суманд жил бүр 1.1-1.3 сая тонн тэжээл (тэжээлийн нэгжээр) бэлтгэж хонин толгойд шилжүүлснээр 2.5-3 сая толгой мал маллаж болохыг мэргэжилтэн нар тооцож гаргасан байна. Сум нь эх газрын эрс тэс уур амьсгалтай агаарын дундаж температур 1-р сард -33° С, 7-р сард +22° С байдаг.


Сумын хүн ам 3070, малын тоо 40267. Үүнээс тэмээ 350, адуу 9500, үхэр 8400, хонь 13500, ямаа 9000 толгой байна. Энэ сумын Ялалт багын нутаг дэвсгэрт Баянхошуу-Өвдөгийн хилийн боомт ажилладаг бөгөөд сумын төвөөс зүүн урагш 100 гаруй км зайд Нөмрөг Рашаантын боомт ажилладаг.