11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ЗАВХАН - ОТГОН СУМ

Очирваанийн орон Отгон сум: Отгонтэнгэр хайрханы өвөрт 1924 онд Отгон сумын үндэс суурь тавигдаж Наран, Буянт, Баянзүрх гэсэн гурван жижиг сум байгуулагдсанаас хойш эдүгээ 90 гаруй жилийг үджээ. УБХ-ын тэргүүлэгчдийн 1931 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор дээрх гурван сумыг татан буулгаж “Отгон” гэсэн нэг сум байгуулж анхны даргаар нь Даржаагийн Дамдинсүрэн гэдэг хүнийг томилжээ.


Отгон сум нь аймгийн хэмжээнд хамгын олон малтай сумаар хэд хэдэн удаа шалгарч байсны дээр хонины тоогоор тэргүүүлдэг. Отгон сум нэгдлийн даргаар ажиллаж байсан С.Адъшаажавын үед 1970-1985 онд сум улсын хэмжээнд олон удаа тэргүүүн байранд шалгарчээ. Отгон сум Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор “Алтан гадас” одонгоор шагнагдаж С.Адъшаажав дарга БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар болжээ. Отгон сум мөн үхэр сүргээр баян. 1936 оны үед Б.Намхай ахлагчтай үхэрчдийн “Социалист хөдөлмөрийн төлөө” бригад Улаан чулууны Шар хад гэдэг газар өвөлжөө бууц барьж, үнээний ферм эрхэлж, контор агуулах, Улаан булан, халуун усны газар байгуулж байжээ.


1980 онд сум нэгдлийн дарга С.Адъшаажавын шийдвэрээр сумын бүх үхрийг Буянт бригадад төвлөрүүлэн өдөрт 10000 литр сүү боловсруулах Хонконгийн технологийн сүүний үйлдвэр байгуулснаар энэ бригад тарж үйл ажиллагаа нь зогссон ажээ. Мөн Отгон сум тарвага зурам ихтэй нутаг байсан ба 1960-аад онд 40 мянга гаруй тарваганы арьс бэлдэж улсад тушааж байсан өөр газар Монголд байхгүй ажээ. Тарваганы мах бол холестерин байхгүй, шингэц сайтай, эмийн чанартай мах билээ. Мөн тас хар, чандага шиг цагаан тарвага байдаг нь сонин аж. Монгол Улсын  бахархал болсон наян найман шинжтэй, нар аргамждаг Нано ванчин гэгээний долдугаар дүр Отгон суманд хувилан мэндэлсэн. Энэ хувилгаан Отгон сумын иргэн Д.Баянмөнх, Я.Содном нарын гэрт мэндэлж Далай ламаас сахил хүртэн үсээ үргээлгэж хувилгаан сэнтийд заларсан. Эцэг эхээс өгсөн нэр нь Цэдэн-Иш, Далай ламааас айлдсан сахилын нэр нь Данзанлхүндэв ажээ.


Отгон суманд байгалийн үзэсгэлэнт өвөрмөц газрууд олон бий. Отгонтэнгэр уул Бадархундага нуур, аманд ороод уусдаг Алтан элс, элдэв янзын дуу гардаг Дуут нуур, өвлийн цагт ёроолд нь нар тусдаггүй Бор хавцлын уулс, алсаас харахад Сүхбаатар жанжинтай адил харагдах Жанжин хад, хаа газар ургадаггүй Вансэмбэрүү, Шүр толгой, Зойр толгой, Алтан толгой, Мөнгөт толгой, Товцот толгой, Өөлдийн толгой, Орхоодой толгой, Ембүү толгой, Хүйс толгой, Сарлаг толгой зэрэг содон сонин нэртэй газрууд олон байдаг. Отгон сум нь шинэ төрмөлийн үеийн хурц өндөр уулстай бөгөөд Хатан бээлийн, Хөхөөгийн, Дөрөө хангинахын, Пилийн, Сайханы гэх өндөр даваануудтай. Хатгарантай Майхан, Онц, Сүмбэр, Их мянган Гялгардай, Халтар, Улаан чулууны гээд сүрлэг цавчим уулсын орон билээ.

Хангийн нурууны оргил Отгонтэнгэр хайрхан нь Монголыг даасан Очирваань бурхан хэмээгддэг. Очирваань бурханы өвөрт мэндэлсэн, хуучнаар Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн бэйсийн хошуу, одоогийн Завхан аймгийн Отгон сумын түүхийг сөхвөл эртний Хэрэйд, Найман аймаг голлон нутаглаж байжээ. Отгон сумын нутаг нь Монгол орны экологийн дунджаас доош хахир хүйтний шинжтэй, хуурай сэрүүн уур амьсгалтай нутагт багтана. Тийм учраас зудын зургаагийн нэг хэмээн нэрлэдэг байв. Зуны цагт  35 хэм хүртэл халуун, өвлийн цагт дээд тал нь хасах 54 хэм хүрч байсан удаатай.


Отгон гэдэг үг нь түрэг хэлний “Отхан” буюу “Галын эзэн” гэсэн үг бөгөөд гал голомтоо сахих хүү гэсэн утгатай гэж эрдэмтэд үздэг. Харин зарим эрдэмтэд “Этүгэн” буюу “Газар эх” гэсэн монгол үг гэж үздэг ажээ.


Ийнхүү Отгон, Этүгэн, Отхан гэдэг үгнүүд нь үндэс гарвал нэгтэй нь үнэн бөгөөд  Отгон гэсэн нэрээр нэршин тайж тахисаар эдүгээ хүрчээ. Отгонтэнгэр уулыг 1294 онд Монголын Их Юань улсын Хубилай хааны үед дархан цаазтай болгосон бол 1779 оноос төрийн ёслолын хэмжээнд тахиж байв. Дараа нь 1828 онд Манжийн Энх-Амгалан хааны зарлигаар дархан цаазыг дахин бататгаж жил бүр тахиж байхаар зарлиглажээ.


Отгонтэнгэр уул төрөл бүрийн эмийн ургамалтай, халуун хүйтэн рашаантай, үзэсгэлэн төгөлдөр онгон дагшин хайрхан юм. Зуны өглөө уулын үүл манан доош бууж Отгонтэнгэр хайрханы бэлээр хөшиглөн байдаг тул “бурханы орон”-той зүйрлүүлэн үзэсгэлэнтэй сайханыг нь бахдана. Ариун агаар сэнгэнэж, тунгалаг рашаан ус мяралзаж, цэцэг ногоо алаглаж, Тэнгэрийн цэцэг хэмээн өргөмжлөгдөх Вансэмбэрүү хосоороо сагсайх нь үлэмж их үзэсгэлэн төгсийг нэмдэг ажээ. Их хайрханы өвөр элгэнд Бадархундага нуур мэлтэлзэн тунарах нь Очирваань бурханд өргөсөн тахил гэлтэй харагдана.


Олон зууны турш энэ уул, нуур хоёрыг тахиж алт мөнгөн эдлэлээ өргөж ирсэн түүхтэй. Социалист нийгмийн үед ч нутгийн ард түмэн сэм сэмхэн тахиж байсан гэдэг. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1994 онд дөрвөн жил тутам тахиж байхаар “Төрийн тахилгат уул” болгосноор шүтэж бишрэх эрх чөлөөтэй болж нутгийн иргэдээс гадна гадаад дотоодын олон хүмүүсийг урин дуудах газрын нэг болжээ.


Аймгийнхаа нэрээр нэрлэгддэг Завхан гол бол Отгонтэнгэрийн ар, өврийн олон уулсаас эх аван нийлж нутгийн ард түмэнд Буянт гол, Гуулингийн талаас цааш Завхан гэж нэрлэгдэн 808км урссаар Айраг нуурт цутгадаг. Завхан гэсэн үг нь түрэг хэлний “дээд эзэн” гэсэн үг ажээ.


Буянт гол нь Отгонтэнгэрийн өвөр, орчны уулс Хатанбээлийн даваа, Дөрөө хангинахын даваа, Хөхөөгийн даваа болон бусад уулсын олон арван жижиг голоос гарч нийлэн томоохон мөрөн болон урсдаг.