11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ДОРНОД - ХӨЛӨНБУЙР СУМ

1945 оны 10-р сард Халхголын чиглэлээр Монгол улсын хил нэвтрэн ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн шинэ барга зүүн гарын Гүл цагаан болон Хөвөөт цагаан хошууны 700 гаруй хүн амтай, 70 орчим мянган малтай, 256 өрх сайн дураараа нүүдэллэн ирсэн юм. Гүл цагаан хошууны Х.Чойдог, Н.Цэвээнсодном, Н.Начин, Хөвөөт цагаан хошууны Я.Шаарийбуу, С.Гомбо нарын санаачилгаар анх нүүдэллэн ирэхэд Монгол улсын харъяат болгох бэлтгэл ажлыг эхлүүлэх, засаг захиргааны түр зохион байгуулалтад оруулах асуудлыг аймгаас шуурхай шийдвэрлэж, нүүдэллэн ирсэн 50 хүн тутмаас нэгийг төлөөлөгчөөр тооцож 20 хүний бүрэлдэхүүнтэй Ардын хурлыг 1945 оны 12-р сарын 31-нд хуралдуулжээ. Хурлыг аймгийн төлөөлөгч шүүхийн орлогч дарга Ж.Намсрай удирдан хийлгэж, сумын даргаар Я.Шаарийбуу, нарийн бичгийн даргаар П.Сумъяа нарыг сонгож, 3 баг зохион байгуулж, багийн дарга нарыг тус тус сонгосон түүхтэй. Сумыг уугуул нутгийн Хөлөн нуур, суугуул нутгийн Буйр нуурын нэрийг оролцуулсан Хөлөнбуйр гэж нэрлэхээр тогтжээ. Хурлыг Буйр нуураас баруун урагш Мандал гэдэг газарт жасын том таван ханат гэр бариулж хийсэн байна.


1945-1946 оны өвөл тус сумынхан Тамсагбулагаар дамжин Бадам-Ишийн тал, Мэнэнгийн шил, Бага Хүрээ зэрэг газраар нүүдэллэн Чойбалсан аймгийн (тэр үеийн нэрээр) зүүн өмнөд нутаг Мангирт, Алтант нуур хүрч тэндээ хаваржжээ. Энэ үед аймгийн Гар үйлдвэрийн холбооны дарга Аюурбуниа төлөөлөгчөөр очиж хурал хийлгэн тус сумыг аймгаас баруун тийш 130 орчим км зайд орших хуучин Халхгол сумын Шашинхурах гэдэг газарт шилжүүлэхээр шийдсэнийг мэдэгдэж, зуны аагим халуун болохоос өмнө нүүлгэжээ. Төл мал нялх байсан тул богино нүүдэл хийсээр Хэрлэн голын урд талаар шууд баруун тийш аймгийн төвийн урдуур нүүж одоогийн Булган сумын нутаг Норовлинд хүрэхэд Халхгол сумынхан хараахан нүүж амжаагүй байсан тул тэндээ зуссан байна.


БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 4-р сарын 24-ний өдрийн 23-р тогтоолд зааснаар “эдгээр нэр бүхий 2087 ардыг тус улсын харъяат болгон батлагдсан барга, үзэмчин ардуудын саналыг үндэслэн тус тус нэжгээд сум зохиох, сумын захиргааг тэдгээрийн жинхэнэ сайн дурын үндсэн сонгуулиар байгуул” гэж заасны дагуу Монгол улсын харъяат болсон барга ардуудын хурлыг 1946 оны 8-р сарын 28-нд Эрхэтийн бүрд газарт хийж сумын захиргааг 4 багтайгаар шинэчлэн Монгол улсын иргэдээс бүрдсэн шинэ сумыг байгуулжээ. Энэ хуралд Шүүх яамны сайд Жамбалдорж, нарийн бичгийн дарга Моголдой нар оролцож барга ястнаас бүрдсэн шинэ сумын тамга, тэмдгийг гардуулан өгч баяр хүргэж байна. Сум зохион байгуулах ажлыг удирдан, хүн ба мал эмнэлэг, сургууль, анхны хоршоо зэргийг байгуулж, сумын захиргаа, хүн эмнэлэг, мал эмнэлэг, бага сургууль зэрэгт нийт 5 гэрийг тавилгын хамт хүлээлгэн өгчээ. Бага сургуулийн захирлаар Пунцагдорж, хүний эмчээр Ч.Дамдинсүрэн, малын эмчээр Самдан, анхны хоршооны даргаар М.Гарьд нарыг томилжээ. Дараа нь Эрүүлийг Хамгаалах Яамны орлогч сайд Туваан тус суманд ирж  хүн эмнэлэгт 5 ханатай гэр нэгийг, 4 ханатай гэр хоёрыг нэмж өгч 5 хүний орон тоотой, 5 ортой эмнэлэг байгуулсан байна.


Эрхэтийн бүрдэнд сум төвлөрөх үед Баргын дуган хийд нь тэнд ойролцоо баруун хойд талд нь 1 км орчим тусдаа төвлөрч байв. Тус сумын хийд нь Гандансамданлин нэртэй, Гомболхам гэдэг гол шүтээнтэй, 70 гаруй лам нартай, Лувсанжалбуу, Цогчин, Дарь эх, Ялаачийн дуган зэрэг 7 төрлийн жасаар бүрдсэн байв. Ширээт лам нь Хөвөөт цагаан хошууны “өндөр ширээт лам” гэж өргөмжлөгдсөн Гэсэг гэдэг хүн байв.


1947 оны хавар сумын төвийг өөрчлөх болсноор Эрхэтийн бүрдээс хөсөг тэргээр нүүдэл хийж одоогийн төв Баян гэдэг газарт төвлөрчээ. Ийнхүү төвлөрснөөс хойш 60-аад жилийн хугацаанд тус сум танигдахгүй болтлоо хөгжжээ. 1956 оны 8-р сарын 20-нд татан буугдсан Түмэндэлгэр сумаас 2 багийн 170 өрхийн 447 хүн, 13996 малтайгаар тус суманд шилжиж ирснээр хүн амын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж 60 шахам хувь нь халх үндэстэн болжээ.



Сумын нутаг дэвсгэр нь 377308 га, үүнээс бэлчээрийн газар 236190 га, хадлангийн талбай 15510 га, тариаланд тохиромжтой газар 1826 га талбай байна. Төв нь УБ хотоос 530 км, Чойбалсан хотоос 130 км алслагдсан Баян суурин. Хэрлэнгийн сав газрын тэгш сав талархаг гадаргатай. Цагаан-Өндөр (1213 м), Улаан-Өндөр (1070 м), Гурван бурхант (1120 м), Шилийн холбоо (1208 м) гэх мэтийн уулстай.



Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1-р сарын дундаж температур -18 °С , 7-р сард -20 °С, жилд дунджаар 200-250 мм хур тунадас унадаг. Хэрлэн гол нутгийн дундуур урсдаг. Карбонатлаг хар хүрэн хөрстэй, эижиг бутлаг үетэн, алаг өвс, ботууль, харгана, хиаг зонхилсон хээрийн, Хэрлэнгийн хөвөөгөөр улалж, алаг өвс, үетэн зонхилсон нугын ургамалтай. Цагаан зээр, чоно, үнэг, хярс, тарвага, туулай, мануул гэх мэт ан амьтантай. Хээрийн болон усны шувуу элбэгтэй. Энэ суманд Өлзийт, Баян-Уул, Батхаан зэрэг тахилгатай уул овоо бий.



Сумын хүн ам 1750, засаг захиргааны 3 багт харъяалагдаж байна. Нийт мал нь 87000, үүнээс тэмээ 360, адуу 12000, үхэр 7200, хонь 45000, ямаа 23000 толгой байна.