11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ДОРНОД - ЧОЙБАЛСАН СУМ

БНМАУ-ын   Бага     Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1931 онд хуучин  хошуудыг татан буулгаж нэгтгэх, шинэ аймаг, сум, баг байгуулах ажил явагдах үед Очирсүмбэр, Дэлгэрмөнх, Баянталбай сумдыг нийлүүлж нэг сум болгон Давст сум гэж нэрлэжээ. Энэ сум нь 10 гаруй багтай нэлээд том сум болсон байна. 1935 онд Давст сумын төлөөлөгчдийн хурал хуралдаж, хурал дээр олон төлөөлөгчдөөс сумын нэр нь зохимжгүй байна, олонд алдаршсан хуучин гурван сумын ард олонд тааламжтай гурван газрын нэрээс адил тэгш оруулж сумаа нэрлэх нь зүйтэй гэж санал гаргасныг үндэслэн хурлаас сумын нэрийг хуучин Очирсүмбэр сумын нэрээс “Очир”, Баянталбай сумын нэрээс “Баян”, Дэлгэрмөнх сумын нэрээс “Мөнх” гэдэг нэрийг авч “Очирбаянмөнх” сум гэж нэрлэн 15 багтайгаар зохион байгуулжээ. 1936 онд 15 багийн 1338 өрх аж ахуйтанд 131313 толгой мал байсан байна.


Сумын захиргааны нэг гэрт зуны түр сургууль (багш нь Дугар), 1937 онд мал эмнэлгийн салбар (бага эмч нь Х.Дорж), 1938 онд хүн эмнэлгийн санитар салбар (эрхлэгч нь санитар Орших) байгуулагджээ. Дээрх түр сургууль нь 1940 онд сумын анхны бага сургууль болж 60 хүүхэдтэй, 8 эсгий гэр, нэг жижиг байшинд хоёр багш (Б.Жамъян, Ж.Доржпалам)-тай хичээллэх болсон байна. 1942 оны эхэнд зарим сумдын зохион байгуултад тэгшитгэл хийж, тус сумын 6 багийн 660 өрхийн 1970 хүн ам, 57500 гаруй малыг Гурванзагал суманд шилжүүлээд Очирбаянмөнх сум нь 9 багтай 748 өрх 54700 гаруй толгой малтай үлджээ.



1944 онд УБХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Очирбаянмөнх сумын нэрийг өөрчилж БНМАУ-ын хошой баатар, маршил Чойбалсангийн нэрээр нэрлэсэн байна. Тус суманд нэгдэлжих хөдөлгөөн эрчимтэй явагдаж 1937-1958 онд “Жаргалант амьдрал”, “Хэрлэн цагаан талбай”, “Гучин жил”, “Хэрлэн”, “Баяндэлгэр”, “Дэлгэрэх” нэгдлүүд байгуулагдаж 1959 онд эдгээр нэгдлүүд нийлж 62883 толгой малтайгаар нэг нэгдэл болж, нэгдлийн нэрийг “Хэрлэн цагаан талбай” (дарга нь С.Гомбожав) гэж нэрлэжээ. Атар газар эзэмшиж, газар тариаланг хөгжүүлэх зорилтыг МАХН-ын Төв Хорооны 1959 оны III бүгд хурлаас дэвшүүлсний үндсэнд тус суманд Хэрлэнгийн САА (дарга нь Т.Дагва) байгуулагдав. Шинэ байгуулагдсан САА-н ажилчид, “Хэрлэн цагаан талбай” нэгдлийн гишүүдийн санал хүсэлтийг харгалзан 1961 онд САА ба нэгдэл хоёр нийлж “сум, САА” болж Чойбалсан сум, Хэрлэнгийн САА гэж нэрлэгдэх болсон. Тус САА нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг голлон эрхэлж, улсын фондын өвс бэлтгэх, гахай тахиа өсгөх, аймгийн төвийг сүүгээр хангах чиглэлээр ажиллаж байгаад 1990-ээд оны өмч хувьчлалаар улсын мал, тариалангийн хөрөнгө техникийг аж ахуйн нэгж, хувь хүмүүст тараажээ.


Сумын нутаг дэвсгэр нь 1015212 га, үүнээс бэлчээрийн газар 827316.2 га байна. Төв нь УБ хотоос 711км, Чойбалсан хотоос 55 км алслагдсан Хулст суурин. Сумын төвд маршал Х.Чойбалсангийн хөшөөг 2005 онд түүний 110 жилийн ойгоор босгосон. Сумын төв Чойбалсан хотын эрчим хүчний системээс цахилгаанаар хангагдсан, төмөр замын өртөө, хилийн боомттой. Бэлчээрийн үетэн, алаг өвс, хиаг, хялгана, харгана, жижиг бутлаг үетэн, улалж, дэрс зонхилсон хээрийн ургамалтай. Хэрлэнгийн хөвөөгөөр алаг өвс, үетэн, улалж бүхий нугын ургамал элбэгтэй. Хэрлэнгийн дагуу бургасан шугуйтай. Нутгийн ихэнхийг Дорнод Монголын тэгш тал, гүвээ толгод эзэлдэг. Цувраа (970 м), Сэргэлэн (899 м), Их үнэгт (956 м), Өлзийт (786 м), Цагаан толгой (652 м), Дунд Хярд (773 м) гэх мэт уулстай.



Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1-р сарын дундаж температур -22°С, 7-р сард +21°С, жилд дунджаар 200-280 мм тунадас унадаг. Яхь, Хярд, Хар нуур, Цагаан нуур, Хөх нуур гэх мэт нуур тойромтой. Нутгийн нь дундуур Хэрлэн гол урсаж өнгөрдөг. Карбонатлаг, мараалаг нимгэн, хар хүрэн хөрс зонхилдог. Цагаан зээр, чоно, үнэг, хярс, дорго, тарвага зэрэг ан амьтантай. Хээрийн болон усны шувуу элбэгтэй. Дэлгэрмөнх, Найнги, Гурванбаян, Үнэгт, Баяндэлгэр, Хулстай, Баянхутаг зэрэг тахилгат уул овоотой.



Сумын хүн ам 2600, засаг захиргааны нэгж 3 багтай. 85000 толгой малтай, үүний дотор тэмээ 270, адуу 11500, үхэр 8200, хонь 38750, ямаа 26400 толгой байна.