11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

БАЯН-ӨЛГИЙ - ДЭЛҮҮН СУМ

БНМАУ-ын Засгийн газар, Улсын Бага Хурлын 1938 оны 5-р сарын 28-ны өдрийн хамтарсан тогтоолын дагуу засаг захиргааны нэгж, хошууг сум болгон өөрчлөн байгуулснаар Дэлүүн сумын суурь тавигджээ. Сумын хөдөлмөрчдийн анхны хурал 7-р сарын 25-нд болж, 4 багийн 29 төлөөлөгч оролцож, Дэлүүн сумын төвийг Көктөбэ хэмээх газарт товлож, сумын захиргааг байгуулжээ.


Дэлүүн сум манай орны баруун хязгаарт, Алтайн өндөр уулсын дунд оршдог. Аймгийн төвөөс 150 км, Улаанбаатар хотоос 1700 орчим км зайтай, 549.1 мянган га нутаг дэвсгэртэй. Алтай, Толбо, Булган сум, Ховд аймгийн Ховд, Дуут сумтай, баруун талаараа БНХАУ-тай хил залгадаг. Далайн төвшнөөс 1800 - 4000 метр өндөрлөгт оршдог.


Сумын нутаг байгалийн баялаг ихтэй бөгөөд алт, нүүрс, гянтболд, шохой, гранит зэрэг ашигт малтмалтай. Чихэртэй, Ганц модны рашаанууд нь өвчин эмгэгийг эмчлэхэд чухал ач тустай. Цаг агаарын байдал сэрүүхэн, тогтворгүй, жилийн дундаж температур 0+7 градус, хүйтний улиралд -42 хэм хүртэл хүйтэрдэг. Долдугаар сард +30+33 хэм хүртэл халдаг. Жилд дунджаар 80-100 мм чийг буудаг. Салхины хурд 26-34 м/сек хүрдэг тохиолдол бий. Сумын төв далайн төвшнөөс 2160 м өндөрт байрладаг. Тал нуур (Далакел), Дөрөө, Чихэртэй, Тугал, Хар зэрэг нуурууд Ганц мод, Чихэртэй, Дэлүүн зэрэг голуудтай. Эдгээр голууд Буянт голтой нийлж Хар ус нуурт цутгадаг.