11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

БАЯН-ӨЛГИЙ - НОГООННУУР СУМ

Ачит нуурын хадлангийн их нөөцийг түшиглэн 1937 онд Ногооннуурт мал аж ахуйн машинт станци байгуулагджээ. Станцид Бөхмөрөн, Цагааннуур, Алтанцөгц, Жаргалант-Сагсай, Бахат, Булган зэрэг сумдаас олон иргэн ирж суурьшсан байна. Улмаар Хасын улаан чулуу гэдэг газарт 1948 онд Бага сургууль байгуулагджээ. Иргэдийн тоо нэмэгдсэний дээр нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, засаг захиргааны шинэ өөрчлөлтийн дагуу Цагааннуур сумын 4, 5, 6, 8, 10, 11 дүгээр багуудыг тусгаарлан 1952 оны 8-р сарын 15-нд 7 баг, 580 өрх, 2916 хүн ам, 42752 толгой малтай Ногооннуур сумыг байгуулжээ.

 

Ногооннуур сум нь аймгийнхаа Алтанцөгц, Баяннуур, Бугат, Улаанхус сум болон Увс аймгийн Бөхмөрөн, Ховд сум, ОХУ-ын Бүгд Найрамдах Горно-Алтай улсын Кос-Агач, Тыва улсын Мөнгөн тайга районтай хиллэдэг бөгөөд Улаанбаатар хотоос 1860 км, Өлгий хотоос 110 км зайтай оршдог.

Сумын нутаг дэвсгэр 6585 кв.км,  Асгат, Улаан-Уул, Дулаанхар нь ашигт малтмалын арвин их нөөцтэй.  Далайн түвшнээс 1435 - 3500 м өндөрт оршдог. Дулааны улиралд +35, хүйтний улиралд -40 хэмд хүрдэг. Эрс тэс уур амьсгалтай, Ховд, Бөхмөрөн, Асгат, Түргэн, Хавцал, Нарийн, Хатуу гол, Хэрээ, Бөхмөрөн, Асгат, Түргэн, Хавцал, Нарийн, Холбоо, Цагаан, Ногоон зэрэг нууртай.


Цэнгэг уст Ачит нуурын усанд төрөл бүрийн загас элбэг, хулс, зэгс ургадаг бөгөөд зэрлэг гахайтай. Нуурын сав газар нь аймгаа хадлан тэжээлээр хангах их нөөцтэй, газар нутгийн 5 хувь нь ой мод, ан амьтан элбэгтэй нутаг юм.  Ховд багийн нутаг газар тариалан эрхлэхэд тохиромжтой бөгөөд энэ орчмын Хар арал нь битүү ойтой, чацаргана, ховор амьтан, шувуу, өвс ургамал бүхий үзэсгэлэнт 10300 га талбайтай.


Дэвэлийн арлыг 2000 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор Байгалийн нөөц газраар тогтоосон.