11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ГОВЬСҮМБЭР АЙМАГ

Говьсүмбэр аймаг нь Монгол улсын төвийн бүсийн Зүүн өмнөд хэсэгт оршдог. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 5540 хавтгай дөрвөлжин километр. Хойд талаараа Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдтай, зүүн баруун хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Дархан сумдтай, өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Даланжаргалан сумтай тус тус хиллэдэг. Аймгийн төв нь Чойр хот бөгөөд Улаанбаатар хотоос 223 километр зайтай. Баянтал, Шивээговь, Сүмбэр гэсэн гурван сумаас бүрдэнэ.

2010 оны байдлаар хүн амын тоо 13240, малын тоо толгой 153200.  Засаг захиргааны хувьд 3 сум, 9 багаас бүрддэг. Улсын бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ.

Тус аймагт өнөөдөр 58 төсвийн байгууллага, төрийн болон хувийн өмчийн 105 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Говьсүмбэр аймаг нь хүрэн нүүрс, газрын тос, холимог металл, эрдэс будгийн нөөцтэй.

Тус аймгийн 7 гайхамшигаар Чойрын богд уул, Зүүн жанжин Чойрын хийдийн туурь, Цагаан дарь эхийн хадан хөрөг, Дагвасүндэл бурханы хөрөг, Хүүхдийн овоо, Дугар мээрэнгийн хөшөө, Цоорхойн рашаан хэмээх газрууд тодорчээ.