12. МОНГОЛЫН ТҮҮХ

БӨРТЭ ҮЖИН ХАТАН

Дай Сэцэний охин Бөртэ буюу Бөртэ Үжин 1161 онд Хонгирад аймгийн тэргүүн Дай Сэцэний гэргий Цотан хатнаас мэндэлжээ. Дай Сэцэн гурван хөвүүн, нэг охинтой байсан гэдэг. Эцэг нь Бөртэ үжинийг энхрийлэн “өчүүхэн охин” гэж дууддаг байснаас үзэхэд Бөртэ тэдний хамгийн отгон нь байжээ. “Монголын нууц товчоо” судрын 94, 176-р зүйлд “Хонгирад XII-XIII зууны заагт Буйр нуур, Хүлэн нуур, Халх голын уулзварт нутаглан сууж байсан” гэсэн түүхийн баттай мэдээ бий. Тийм учраас түүхчид Бөртэ үжин нь Буйр нуур, Халхгол орчимд төрсөн байх магадлал өндөр юм хэмээн үздэг. XII зууны дундуур Хонгирад аймаг Буйр нуур, Халх голоор нутаглаж байсан боловч тэр үед Буйр нуур, Хүлэн нуурын зүүн талаар ихэвчлэн Татаарууд нутаглаж Хонгирадуудыг баруун тийш нь шахаж байсан учир Хонгирад аймаг Буйр нуур, Халхголын уулзвар нутгийн баруухан талаар нутаглаж байсан бололтой. Эл баримт, тухайн нутгийн нөхцөл байдал зэрэгт тулгуурлан үзэхэд Бөртэ хатан нь Халхгол, Буйр нуурын хоорондох нутагт төрсөн байх магадлалтай ажээ.

Есүхэй баатар 9 настай хүү Тэмүжингээ дагуулан Дай Сэцэний охин 10 настай Бөртэг бэр болгон авч хөвгүүн Тэмүжиндээ гэргий болгож өгье гэж гуйхад Дай Сэцэн зөвшөөрчээ. Урьдын заншил ёсоор хүү Тэмүжинг тэднийд орхиод Есүхэй баатар буцаж явах замдаа найрлаж байсан татаруудтай таарч очтол түүнийг таньж мэдсэн татаарууд зориуд хортой хоол өгч хорлосон гэдэг. Есүхэй баатар Татааруудад ийнхүү хорлогдсон түүхтэй. Дай Сэцэнийд хоцорсон 9 настай Тэмүжин аавынхаа барааг тасартал гадаа зогсож байсан гэдэг.

Чингис хаантай ил далд өрсөлдсөн хүмүүсийг Бөртэ хатан соргог мэдэрч тухай бүр эзэн эрдээ сануулан сэрэмжилж байсныг “Монголын нууц товчоо”-нд тодорхой бичиж үлдээжээ. “Бөртэ хатан бол Чингис хааны гадаад үйл хэргийн гол зөвлөгч, төрийн түшээ мөн” гэж үнэлсэн эрдэмтэд олон бий. Улс үндэстний түүхийг зөвхөн эрчүүд туурвидаггүй, тэр тусмаа монголчуудын эртний түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг асар их байсныг ямар ч сурвалжаас тунгааж болох билээ. Бөртэ хатан Чингис хаанд Зүч, Өгөөдэй, Цагаадай, Тулуй хэмээх дөрвөн хөвгүүн төрүүлж өгсөн бөгөөд тэдгээр хөвгүүд түүхэнд нэрээ мөнхөлсөн алдар цуутай удирдагч, цэргийн жанжид болсон юм.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0