12. МОНГОЛЫН ТҮҮХ

ЖҮГДЭРДЭМИДИЙН ГҮРРАГЧАА

Хүн төрөлхтний түүхэнд 200 хүрэхгүй хүн сансарт нисэж үзсэн гэхэд бахархахын аргагүй түүхт хүн бол ЗХУ болон БНМАУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа юм. Ж.Гүррагчаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт  оролцож байхдаа “Уяхан замбуу тив гэдэг их учиртай үг юм байна. Сансарын харанхуйн цээлээс эх бөмбөрцөгөө харахад өөрийн эрхгүй уяран хайлж байлаа” хэмээсэн гэдэг. Монгол-Зөвлөлтийн хамтарсан нислэг бол хоёр улсын түүхэнд өөрийн ул мөрийг тодоор үлдээж мөнхөд дурсагдах чухал үйл явдал болсон. Олон улсын “Интеркосмос” программ нь Европ, Азийн 8 улсад хэрэгжиж Ж.Гүррагчаа Азийн хоёр дахь, Дэлхийн 101 дэх сансрын нисгэгч болжээ.

Тэрбээр 1947 оны 12 дугаар сарын 5-нд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж, 1956 – 1960 онд Гурванбулаг сумын дунд сургууль, дараа нь Хишиг-Өндөр сум болон Булган аймгийн төвийн Нэгдүгээр сургуулийг төгсөж, 1966 онд Ардын цэргийн албанд татагджээ. 1971 онд цэргийн албаа хаагаад ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Г.К.Жуковын нэрэмжит Агаарын цэргийн академийг дэслэгч цолтой төгссөн байна. Улмаар 1978 оноос Ю.А.Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалтын төвд сансарт нисэхээр бэлтгэгдэж эхэлжээ. Энэ бол “Интеркосмос” хөтөлбөр байсан бөгөөд программын дагуу В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансрын уудамд гарсан түүхтэй. Сансрын хотхонд 3 жилийн турш бэлтгэл хийж хөлгийн даргаар сансрын нисгэгч В.А.Жанибеков, шинжлэн судлаачаар Ж.Гүррагчаа нар ажиллаж 1981 оны 3 дугаар сарын 22-ны 22 цаг 42 минутанд Байконурын сансрын буудлаас “Союз – 39” хөлгөөр хөөрч  “Салют – 6” сансрын станцтай холбогджээ. Зөвлөлт-Монголын хамтарсан нислэгийн баг сансрын тойрогт 7 хоног  20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа бүтэн тойрч эх дэлхийдээ газардсан байна. Энэхүү нислэгийн үр дүнд шинжлэх ухааны олон нээлтийг гаргаж, хүн төрөлхтний түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Ж.Гүррагчаа нь сансарт ниссэнийхээ дараа ЗХУ-ын  баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнагджээ. Тэрбээр 2000 – 2004 онд Монгол улсын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад 2004 – 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан юм.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0