13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

ХАРХИРАА - БӨӨГИЙН СОЁЛЫН ТӨВ

          Монгол даяар алдартай Цэрэн зайрангийн үүсгэн байгуулсан бөө мөргөлийн сургалт шүтээний төвийг “Хархираа – бөөгийн соёлын төв” хэмээн нэрлэдэг. Цэрэн зайран Хэнтий аймгийн Батширээт суманд амьдарч байгаад 1984 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын Хархираа хэмээх уул ус тэгширсэн нутагт ирж суурьшжээ. Ийнхүү ирсэнийх нь дараа түүнийг баривчлан Дорнод аймгийн шоронд 2 жил хорьж байгаад сулласан гэдэг. Цэрэн бөө 1990 онд шашин шүтэх эрх сэргэх үед энэхүү “бөө мөргөлийн төв”-ийг байгуулсан бөгөөд эдүгээ Цэрэн зайрангийн удмыг залгасан хүү Ц.Оюунбаатар уламжлан авч бөө мөргөлийн сургалт, шүтээний төвийг хариуцан, ёс жаягийн дагуу зан үйл гүйцэтгэж байна. Эдүгээ “Бөөгийн соёлын төв” байрлах Хархираа хэмээх газар нь Баян-Уул сумын төвөөс баруун урагш 30 км зайд оршдог.

Бөөгийн соёлын төвийн урд захад Цэрэн зайрангийн байгуулсан Майдар бурханы сүм байрлана. Сүмд Тааллын таван хаан, Гомбо бурхан, Богд Зонхов зэрэг баримал дүр, “арван хангал”-ын ном судар, цан, хэнгэрэг, ганлин бүрээ, хонх дамар гэх мэт буддын шашны эдлэл хэрэглэл бий. Бөө мөргөлийн төвд гэлүгвэ урсгалын бурхан шүтээний сүмийг байгуулсан учир нь Цэрэн зайран хар язгуурын бөө мөргөл, буддын шашны шарын урсгалыг зохилдуулан шүтэлцүүлэх зорилготой байснаас үүдэлтэй ажээ. Мөн Цэрэн зайран 13 нас хүртэл бурханы номд шамдсан лам байжээ. Гэтэл 13 насандаа гэнэт ухаан самуурч бөө болох шинж тодорсноор Улзын алдарт Чимид удганы шавь болсон гэдэг. Түүнээс хойш 66 жилийн турш хэнгэрэгийн дуу таслалгүй бөөлжээ.
Тэрбээр “бөө мөргөл ба шарын шашин хоорондоо харшлах зүйлгүй, гагцхүү тэдгээрт мөргөж, сүсэглэж буй хүмүүс л хагаралдуулах гэж оролддог, угтаа мөргөл ба шашин хоёр нэг юм, уул овооны дэргэд лам нар түвд хэлээр ном уншдаг, харин бөө нар язгуур монгол хэлээрээ дуудлага хийдэг” хэмээн хэлдэг байжээ.

Хархираа – бөөгийн соёлын төвийн зүүн талд бөө мөргөлийн зан үйл үйлдэх “Тэнгэрийн хөх сүм”-ийг Цэрэн зайран амьд сэрүүндээ бариулсан ажээ. Мөн төвийн гол хэсэгт модон сүүдрэвч барьж, урд нь олон модон шонг ярайлган босгосон нь бөөгийн зан үйлийн гол хэрэглүүр юм. Бөөгийн чанар хамгаалах зан үйл дотор “бөө нар 81, эсвэл 108 ширхэг хусыг үндсээр нь сугалан авчирч мөчрийг нь өнгө өнгийн бөсөөр чимэглэн түүн дээгүүр гүйж харайх” гэх мэтээр увидас чадвараа үзүүлдэг байна. Бөө болж чанар хийж байгаа хүний тоогоор зулзаган хусыг үндэстэй нь авчрах боломжгүй тул ийнхүү модон шон зоосон ажээ. Ц.Оюунбаатар бөө чанар хийх зан үйлд зориулан ойгоос хус модыг үндэстэй нь авчрахыг болиулсан бөгөөд өөрөө “мод үржүүлгийн төв”-ийг байгуулжээ. Чанар хийж бөөгийн сорил давахаар ирсэн бөө нар, засал хийлгэж, мөргөж сүсэглэхээр ирсэн хүмүүсээс багахан хураамж авч тэр мөнгөөрөө мод үржүүлгийн газраа арчилж торддог. Хархираа -  бөөгийн соёлын төвд ирсэн хүмүүс өөрсдийн сэтгэл, сүсэгийг дагаж өргөл өргөдөг бөгөөд ямар нэгэн ханш, үнийн жишиг байдаггүй юм байна.

Модон шонгуудын хойд талд өндөр модон тавцан байх агаад түүн дээр бөө удганууд онгод тэнгэртээ зориулан идээ шүүсээ дээжлэн тавьж хүндэтгэл үзүүлдэг. Тэрхүү модон тавцан нэлээд өндөр бөгөөд огцом өгсөх шаттай. Бөө удганууд тэрхүү шатаар маш хурдан авирч гарах хэрэгтэй бөгөөд үүнийг “шахаанд оруулах” гэж нэрлэдэг аж. Тавцан руу авирч байхад увидас чадал багатай бөөг онгод тэнгэрүүд нь шууд татаж унагаадаг гэнэ. Тавцангийн дээд талд гарсны дараа нөгөө талд нь байх шилний хагархай бүхий талбай руу үсэрч бууна. Өөрөөр хэлбэл, йогийн үзүүлбэр мэт чадвар ажээ. Мөн энд бөө, удганууд “ядарсан нэгнийг явгалахгүй” гэсэн тангараг тавьж, хэрвээ андгай тангарагаа зөрчвөл асар их нүгэл хойч үед минь ирнэ гэж үздэг байна.

Ц.Оюунбаатар бөөгийн хэлснээр, “чанар хийх” гэдэг нь “бөөгийн ид чадал гүйцээх” дамжаа гэж ойлгож болно. Буриад бөөгийн ёсонд 13 наснаас 51 нас хүртэл гурван жил тутамд чанар хийж, нийт 13 чанар хийдэг. Бөө мөргөл халхад 300 орчим жил тасрахад зөвхөн буриадууд бөө мөргөлийн ёс жаягийг хадгалж авчирсан гэж эрдэмтэд үздэг. Монгол даяар алдартай Минжүүр хувилгаан, Мөлхөө хөгшин, Балжир, Налжирваа, Цэрэн гээд гарын арван хуруунд багтах цөөн хэдэн хүн байсан. Эрэгтэй хүнийг бөө, эмэгтэй хүнийг удган гэнэ. Харин бөөгийн 13 чанар хийсэн бөөг “зайран” гэдэг. Чанар хийсэн тоогоор нь тольт бөө, хэцэт бөө, нөмрөгт бөө гэж нэрлэдэг байсан. Халх хүн халх бөөд, буриад хүн буриад бөөд очих ёстой гэх зүйл байж болохгүй. Энэ нь хагаралдахын үүсвэр болно, мөн эрдэмтэн судлаачид буруу үзэл ойлголтыг ард иргэдэд өгч байна. Бөө гэдэг нь тэнгэрийн улаач юм. Өнөө үед бөө мөргөлийг гажуудуулж, бизнес шоу болгож, олз омогийн хойноос явж, хүн амьтныг айлгаж байна, үүнийг дэг журамтай байлгах хэрэгтэй хэмээн үзэж 2003 онд “Тэнгэрийн сүлдэр” холбоог байгуулсан.  Холбоонд 300 орчим гишүүд нэгдсэн бөгөөд манай төвд ирж чанараа хийгээд, бөө мөргөлийн үйл ажиллагаа, тайлга тахилгад оролцдог. Хүний итгэл үнэмшил нь маш нарийн нандин зүйл учраас нэгэн насны үйлийг ганц хоёрхон өдөрт шийднэ гэж байдаггүй. Худал хуурмаг бөө, удгантай тэмцэх ганц арга бол сүсэгтэн олныг ухааруулж ойлгуулах явдал юм. Жил бүрийн 5-р сарын 22-ноос 9-р сарын 14 хүртэл тэнгэрийн үүд нээгддэг, хөхөө шувуу донгодоход ой хөвч баясдаг бөгөөд энэ хугацаанд эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд их мөргөлийг хийдэг. Миний зан үйл аав, аавын багш Чимид удган, түүний багш Дамдин зайрангаас гурван үе дамжин өвлөгдөж ирсэн зан үйл. Энэ зан үйлээ баримтлан бөө мөргөлийг гажуудуулахгүй, олз омогийн хойноос явахгүй гэж аавынхаа олон шавь нартай хамтарч энэ төвийг байгуулсан. Зун болохоор энд бид нар цуглаж зорьж ирсэн 4-5 мянган хүнд туслахыг хичээдэг.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0