14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

АЙРАГ

Монголчууд 2000 жилийн тэртээгээс айраг хийж хэрэглэж иржээ. Түрэгийн үед айргийг “айраан” гэдэг байсан тухай түүхэнд тэмдэглэснээс үзвэл айраг эртний түүхт ундаан аж. Шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн амттай. Адуун сүрэг бруцеллёз, сүрьеэ, дэлэнгийн үрэвсэл зэрэг бусад малд тохиолддог өвчнөөр өвчилдөггүй учир саамны найрлага онцгойд тооцогдоно. Саамны нийт уургийн 40%-ийг альбумин, глобулин мэтийн уусагч уураг эзэлдэг нь бараг л эхийн сүүтэй ойролцоо. Нэг литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна. Гүүний сүүний тослог үнээнийхээс бараг 3 дахин бага боловч харьцангуй нам температурт хайлж биед түргэн шингэж боловсордог эмчилгээний чанарааараа онцлог юм. Гүүний сүүний найрлаганд тос 2 хувь, уураг 2.2 хувь, лактоза 6.6 хувь, чихэр 6-8 хувь байдаг.

Судлаач М.А.Маринагийн дүгнэлтээр бол гүүний сааманд триптофан 1.4% хүртэл байгаа нь үхрийн сүүнийхээс илүү. Триптофанаас РР витамин, бэлгийн ба кортикостероид гормон, стерин зэрэг биологийн чухал бодисууд үүснэ. Эрдэмтэн П.Ю.Берлиний тодорхойлсноор нэг литр айрганд 0.3-0.4 мг А витамин, 95-100 мг С витамин, 100-200 мг аскорбины хүчил байгааг тогтоож, сүрьеэ өвчний нян гүүний сүү, айрагны тосонд үржиж чаддаггүй болохыг нотолсон байна.

Гүүний саам ууснаар,
- Хүний биеийн дотоод хордлого тайлагдаж эд эс шинээр нөхөн төлждөг.
- Царай зүс өнгөлөг болохоос гадна үрчлээ тэнийдэг.
- Нойр хэвийн байдалд орж, ходоод гэдэсний үйл ажиллагаа, артерийн даралт тогтворждог.
- Гэдэс дотор цэвэрлэгдэж хорт бодис биеэс гадагшилдаг.

Саамыг элдэв харшилтай хүн уувал харшлыг сэдрээх сөрөг талтай. Адууг ногоонд цадсан үед гүүний сааль эхлэх бөгөөд үүнийг “гүүний үрс гаргах” гэж нэрлэдэг. Ямааны сүүгээр бүрсэн 1 литр тарган дээр 10 литр саам хийж 1-2 цаг бүлж, хучиж дулаалах аргаар анхны хөрөнгийг үүсгэдэг. Айраг исэх үед түүний сахар нь архины спирт, нүүрсхүчлийн хий болон задардаг. Айраг исгэхийн тулд саамыг шүүж цэвэрлээд хөрөнгөтэй хольж 3000-5000 удаа бүлдэг. Айрагны найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй А, С, В, Е зэрэг бараг бүх аминдэмүүд, кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдэс бодис агуулагддаг тул шингэц сайтай байдаг. Эмчилгээ сувилгаа тэжээлийн ач холбогдолтой, нян устгах чадвартай. Саамыг бүлж айраг болгосны дараа нэг литр гүүний айрганд 20 грамм тос, 23 грамм уураг, 35 грамм чихэрлэг үүсч, 453.7 ккал илчлэгтэй болдог байна. 

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0