14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

СҮҮТЭЙ ЦАЙ

Монголчууд янз бүрийн эмийн ургамлаар цай чанаж эртнээс нааш өвчин эмгэгийг илааршуулах, ядаргааг арилгах, биеийн тамир тэнхээг сайжруулахад хэрэглэж иржээ. Цай нь сүүтэй, будаатай, бантантай, борцтой гэх мэт олон янз. Сүүгүй цайг “бор цай, хүрэн цай” гэх бөгөөд “хар цай” гэж хэлэхээс цээрлэдэг. Сүүнд улаан зүйл хийхийг цээрлэдэг учраас сүүтэй цайнд мах хийхдээ өөхгүй бараан мах хөшиглөж хийхийг цээрлэнэ.

Өдөр тутам уух цай нь нутаг нутгийн онцлогоос шалтгаалж өөр өөр байх ба тус тусдаа нэртэй. Тухайлбал: Дорнод аймгийн Матад сумынхан хатаасан гагуудайг нунтаглан цайны идээг орлуулж улаан шаргал өнгөтэй цай хийдэг ба үүнийг “матад цай” гэнэ. Харин Архангай нутгийнхан цайгаа чанаж бэлэн болгоод тосонд хуурсан мэхээрээр хийцэлж амт тохируулан уудгийг “мэхээртэй цай” гэнэ. Дорнодын хээр талд амьдардаг ардууд ердийн сүүтэй цай чанаж шүүгээд дотор нь хэрчсэн мах, сүүл хийж дахин буцалгаж уудаг ба үүнийг “хэрлэн цай” хэмээнэ.

Монголчууд давс, хужир, цай, сүү, шар тосоор амт жор тохируулан хийсэн цайгаа “таван тансаг идээ” хэмээдэг. Хужирыг тохируулахдаа 5 литр цайнд хоолны нэг халбага байхаар бодож хийнэ. Монголд цоргисон цай, халхын борцтой цай, дөрвөд цай, хургастай цай, казах цай, захчин цай, торгууд цай, урианхай цай, дарьгангын будаатай цай, цаатан цай, сэлэнгийн бор цай, говь гурван сайхан цай, говийн цай, авга цай, борц будаатай цай, борви тойгны ястай цай, будаа сүүлтэй цай, дом болсон долоон банштай цай, хонины сүүлтэй цай, чөмөг толгойны ястай цай, битүү цай, хорхог цай гэх мэт олон янзын цай буй. 

Өрөм самарсан цай: Том шанаганд шинэ өрмийг бага зэрэг давстай хольж халуун цайгаар шингэлээд сайтар хутгаад ердийн бор цайн дээр хийж сүлээд сайн самарч зөөлөн галаар буцалгаж ууна.

Сүүлтэй цай: Хонины сүүлийг хөшиглөөд хуурай цайтай хамт ууранд хийж нүднэ. Тогоотой халуун усандаа сүүлтэй нүдсэн хуурай цайгаа хийгээд давс сүү хийж 30-35 минут буцалгаж сайтар самарна.

Халгайтай цай: 5-6 дугаар сард 5-6 салаатай нялх байх үед нь түүж хатаадаг. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд хуурч сүүтэй цайндаа хийгээд самарч буцалгадаг. Гурван литр цайнд гурван халбага халгай хийнэ. Даралт ихтэй хүн энэ цайг уухад нэн сайн.

Хийцтэй цай: Тогоонд шар тос хийж хайлуулаад гурил цацаж тасралтгүй хутган  шаргалттал нь хуурна. Гурилаа бөөнтүүлэхгүйгээр жигд сайн хуурах нь хийцэлсэн цайны гол технологи юм. Шар тос ихэдвэл гурил бөөнтөж сайхан шаргал өнгө үүсэхгүй болно. Хуурсан гурил дээрээ идээшүүлж тунгаасан хар цайгаа хийж сүлээд сайтар самарч буцалгана.

Ястай цай: Цайг сүлэхийн өмнө атгаал чөмөгний яс, эсвэл бага зэрэг мах үйж нэг цаг орчим буцалгаж чанана. Ингэж буцалгасан цайны амт чанар сайны дээр маш тэжээллэг болно. Энэ цай хүйтэн хөлсийг гадагшлуулдаг тул уусны дараа салхи авч даарч болдоггүй. Мөн хонины толгойн гавлын ясыг хагалж бэлэн болсон сүүтэй цайнд хийгээд чанадаг. Ийм цайг ядаргаанд орсон, цус багатай, тархи толгой өвддөг хүн уувал сайн байдаг ажээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0