14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

ГАЛЫН ТЭНГЭР ТАХИХ ЁСЛОЛ

Тэнгэр, лус, газрын эздэд тахил, балин өргөвөөс баясдаг шиг галын тэнгэр нь тахил, балин өргөхөд харшлах шалтгааныг арилгаж, зохилдох шалтгааныг бүтээхэд тус болдог.  Галын тэнгэр тэргүүтэй шүтээний оронд тахил өргөх нь нэгдүгээрт тэдгээрийг баясгах, хоёрдугаарт сэтгэлийн нэгэн зүйлийн гэм болох хармын сэтгэлийг дарах арга юм.

Гал тахилгын өмнө бэлтгэл хийнэ. Урьдаар гал голомтоо сайтар цэвэрлэж бурхандаа тахил өргөнө. Гэр орон гал голомтоо цэвэрлэснээр гэрийн эзэн болон бусдын сэтгэл тунгалаг, тогтуун байх, тухайн гэрт залран ирэх бурхад баясах, царай зүс сайжрах, дараа дараагийн төрөлдөө өндөр язгуурт төрөх зэрэгт тус эрдэм их ажээ. Галын тахилд өргөл болгож таван зүйлийн тахил, хүсэл эрдмийн таван зүйл, хонины өвчүү, шар тос, архи тэргүүтнийг бэлдэж байрлуулна. Таван зүйл тахилын нэг нь цэцэг бөгөөд түүнийг өргөснөөр “галын тэнгэр нөхөр сэлтнүүдэд цэцгэн эрхи өргөснөөр “би тэргүүтэн хамаг амьтны нас буян, цог учрал, яруу алдар, удам угсаа, амь бие, хийморь сүлд, эд идээ, төгс эдлэл нэмэгдэх бөгөөд арвижих хувь шалтгаан бүрдэнэ” хэмээн үздэг. Галын тэнгэр тахиулан үйлдэж буй хүмүүн “халуун өвчин, адгуус малын гарз, өвчин эмгэг, ад дон, хулгай, хэл ам, гай зэтгэр, араатан хилэнтний хорлол бүгдээс аварч хамгаалан соёрх” хэмээн даатган залбирдаг. Мөн хүж, зул, анхилам үнэртэн, амны идээ, хөгжим өргөх үед ч энэ мэт даатган залбирна.

Ажил үйлсээ даатгана. Амирлуулах үйлс нь цаг бусын өвчин, элдэв муу зүүд, муу ёр тэргүүтэн бүгд амирлуулна. Дэлгэрүүлэх үйлс нь нас, буян хийгээд эрдэм боловсрол, ажил үйл тэргүүтэй номын ёсонд нийцсэн бүгдийг дэлгэрүүлнэ. Эрхэнд хураах үйл нь тэнгэр хүмүүний эд эдлэл бүгдийг өөрт цогцлоох, өөрийн сэтгэлийг эрхэнд хураахыг бэлгэднэ. Хатуу үйл нь шашин, амьтанд хорлолтой хараал чатга, муу зүйл бүгдийг зайлуулахын тухайд даатган залбирна.

Гал тахилгын үед даллага авхуулна. Хишиг буян даллахдаа даллагын уут, сум, цай идээ зэргийг гартаа барин гар зөв эргүүлэн даллана. Ингэж даллахдаа нас, буян хишиг өвчингүй эрүүл байх, сайн найз нөхдөөр хүрээлүүлэх, эд эдлэл бүгдийг хурайлан далладаг. Нар зөв эргүүлэн даллаж байгааг олон янзаар тайлбарлах боломжтойгоос нэгийг дурьдвал монгол хувцасны онцлог буюу энгэрийн зохимжтой уялдаатай юм. Өөрөөр хэлбэл гараа нар зөв буюу баруун эргүүлж байгаа нь буян хишгийг өвөр рүү орох, оруулах бэлгэдэлтэй байна. 

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
ТОО
0
0
0