14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

АЗАРГАНЫ ДЭЛИЙГ АВДАГГҮЙ УЧИР

Эрт урьд цагт олон адуутай, хилэн хар азаргатай нэгэн адуучин эр байжээ. Өглөө бүр адуун сүргээ хурааж бүртгэдэг байв. Нэгэн өглөө эртлэн давхиж очвол адууных нь бэлчээрт нэгэн саарал чоно үхчихсэн хэвтэж байна гэнэ. Мань эр учрыг эс олсон ч өнөөх чоныг ганзагалаад харьжээ. Маргааш өглөө нь ирэхэд дахин нэг чоно үхсэн байхыг хараад ихэд гайхаж чухам ямар амьтан ингэж чоно бариад байгаа учрыг олохоор адуугаа манаж хоножээ. Тэгтэл үүрийн цагаан гэгээнээр хэдэн чоно адуу уруу нь ойртож ирэхэд хилэн хар азарга нь адуугаа хангинатал хураагаад өнөөх чононуудтай үзэлцэж байна гэнэ. Тэгэхдээ сэрвээн дээр нь харайн гарсан чоныг урт дэлэндээ орооцолдуулан газар савж алахыг харжээ.

Адуучин эр дахин нэг чоно ганзагалаад адуугаа туун гэртээ харьж гэнэ. Тэрбээр чонын аванд сэтгэл нь шунаж ийнхүү боджээ. “Чоно авлахад азарганы маань дэл нь саад болоод байдаг юм байна, дэлийг нь тайрч авах хэрэгтэй, тэгвэл хар азарга маань чононуудыг бөөн бөөнөөр нь барих юм байна” хэмээн сэтгэжээ. Тэгээд азаргаа барьж аваад дэлийг нь тайрчихаад адуунд нь тавьжээ. Хар азарга маань хэдэн чоно бариа бол гэж бодохоос нойр нь хулжсан залуу өглөө эртлэн босож адуун дээрээ давхиж хүрвэл хилэн азарганых нь сэрвээнд чонын соёо нэвт орж улмаар азарга нь үхчихсэн байжээ. Учир нь хар азарганы ганц зэвсэг нь түүний сүр жавхлант дэл нь байсан ба дэлнийхээ ачаар хээрийн араатнуудаас ижил сүргээ хамгаалж байсан аж. Энэ явдлаас хойш адуун сүргийн манлай азарганы дэлийг авахаа больсон гэдэг.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0