14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

ТӨЛ АВАХУУЛАХ

Малын төлийг өнчрөх, гологдоход өөр эх малд авахуулахаар үйлддэг зан үйл юм. Малын зан ааш, шинж төрх, дуугарах авианы онцлогийг удаан хугацаанд ажиглан шинжиж, хонь ямаа майлахыг дуурайлган түшгэрэх, уянгын аялгуугаар тойглох, зузуулах, хонь ямаа хураах ялгахад гүүргийлэх, тэмээний буйлахыг дуурайлган хөөслөх, тоорлох, адууг гурийлах, үхрийг өөвлөх, сарлагийг хөөрлөх, сугайлах зэрэг хэллэг аялгууг бий болгосон байна. Хавар мал төллөх үед зарим эх мал төлөө голон хөхүүлэхгүй байх, эсвэл төл нь үрэгдэх, голсон малын хөх дэлэн чинэх явдал тохиолддог. Энэ үед төлийг өөр эхэд дасгаж авахуулах хэрэгтэй болдог. Төлөө голсон эх малыг шившин үглэж аргадах, төлөө голохыг нь болиулах, эсвэл өөр малын төлийг дасгах зэрэг арга хэрэглэдэг. Эх малыг уяраахын тулд гол төлөв аялгуутай богинохон шүлэг хэрэглэдэг бөгөөд уг аялгуу нь өвөрмөц сонин, нэгэн жигд, эелдэг уяхан байдаг.

Эх малд төл авахуулах зан үйл нь ингэ, гүү хоёрт нарийн төвөгтэй бөгөөд зарим үед дуу хөгжмийн аялгуу сонсгох, хуурч хөгжимчин хүнийг урин залах хэрэг гардаг. Унаганы үсэнд хужир шүү түрхэж эхэд нь долоолгох, хурганы сүүл ба ууцанд хужир шүү, эхийн сүүг түрхэх, эсвэл арьс үсийг нь норгох, үхсэн төлийнх нь арьсыг нөмөргөх зэрэг аргыг ч хэрэглэдэг. Үхсэн төлийн арьсыг нөмөргөдөг нь өөрийн үр төл мэтээр төсөөлүүлэх, арьс үсийг норгон нялх балчир мэт мэдрэмж төрүүлэх, хужир шүү түрхдэг нь аятай таатай санагдуулах зэрэг нөлөөтэй юм. Төл авахуулах аялгуу нь учирласан утгатай, өвөрмөц уянгалаг, жигд бөгөөд намуун байдаг. Тухайлбал, хургаа голсон хонинд “Хундан цагаан хонь минь хургаа юунд голоо вэ, Сүүний чинь үнэр сүүлэнд чинь байна шүү дээ, хос хос хос. Урин цаг ирнэ дээ, уулын ногоо ургана даа, уураг сүү чинь чинэнэ дээ, урдаас чинь юу чинь угтах вэ дээ, тойг тойг тойг” гэдэг. Энэхүү учирлаж гуйсан үг бүрийн дараа “тойг, хос” мэтийн үгийг гурав дахин давтаж аялгуулдаг нь хамгийн нөлөөтэй байдаг байна. Үнээнд тугал, ингэнд ботго авахуулах үед дэргэд нь тугал, ботгыг нь уяж байгаад цээл сайхан хоолойтой хүнээр өөвлүүлэх, уртын дуу дуулуулах, морин хуур тоглуулах, лимбэдүүлэх зэргээр аргаддаг. Баруун монголчууд ингэнд ботго авахуулахдаа туульч урин ирүүлж ингэ ботгыг уяж байгаад “Цагир цагаан ингэний өнчин цагаан ботго” туулийг хайлуулдаг байжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0