14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

УНАГА БАРИХ БУЮУ ГҮҮНИЙ ҮРС ГАРГАХ

Зуны эхэн сард малчин айл соргог сайхан бэлчээр, ус ургамал тэгширсэн газарт буудаллаад тухайн сарын өлзий тэгш бар өдрийг сонгож гүүгээ барьдаг нь эртний уламжлал юм. Гүү барих бар өдөр хавь ойрын айл саахалтын хүмүүсийг урина. Өглөө эрт зэлээ татаад тухайн жилийн хавар хамгийн түрүүнд төрсөн ууган унагаа эхэлж барьдаг. Олон унаганы манлай гэдэг утгаар нь хүндэлж, түүний хүзүүнд хадаг уясны дараа гүүгээ барьж амлуулдаг ёстой. Эхлээд гүүг эрэгтэй хүн сааж, анхны саамыг уурганд дүүжлэн хоёр морьтой хүн дамжлан гүүн зэлийг нар зөв гурван удаа тойрох бөгөөд энэ ёсыг үйлдэхдээ есөн нүдэт цацлын халбагаар дөрвөн зүг найман зовхисын тэнгэр бурхан, уул хангайд цацал өргөж, “цөөн цөд” (Уг нь “цэгээнд цад” гэсэн үг байжээ сунжирсаар цөөн цөд болжээ) хэмээн уянгалан дуулна.

Цацал өргөхдөө цагаан, халиун зүсмийн морьтой есөн хүн дагалдан явдаг нь адууны тэнгэр Далх бурхан ийм хүлэгтэй гэдгээс үүдэлтэй ажээ. Ингэж цацал өргөсний дараа зэлний хоймор талд арц уугиулж, хүж асаагаад зэлний ойрхон ширдэг дээр ширээ засаж тавина. Идээ цагаанаас тухайн айлын бүсгүйчүүд ирсэн хүн бүрт дээжлэн барьж, ерөөлч ерөөл хэлсний дараа урьдчилан чанаж зэхсэн хонины шүүс махаар хувь хүртээнэ. Гүүний сан тавьж үрсний ёслол үйлдсэнээс хойш намрын сүүлч хүртэл унагаа уяж, гүүгээ өдөрт 6-8 удаа саадаг бөгөөд унагаа тавихдаа нохой өдрийг сонгодог.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0