14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

УЛ БООВ

Хүмүүн нь хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчинтэй холбогдож, энерги хүч авч, тэр хүчээ ашиглан тодорхой орон зайнаас өөр орон зай руу урагшилж байдаг. Тэр утгаар урагшлахын бэлгэдэл болгон “ул” боов хэмээн нэрийджээ. Ул боовоор таваг засдаг нь хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр хүүхэд, хэдэн ач зээ, хэдэн гуч дөчөө үзэж байгааг илэрхийлдэг бөгөөд “тэдэн улыг өнгөрүүлжээ”, “тэдэн улыг элээжээ” хэмээн туулж өнгөрүүлсэн цаг хугацаагаа нөхөхийн бэлгэдэл болгож мөн урт нас дуудаж буй утга агуулдаг байна. Эрт үед “хэдэн ул илүү элээсэн” хэмээн хэлэлцдэг байсан бол өнөө цагт “хэдэн оймс илүү элээсэн” хэмээн ярих болжээ. Тавгийн ул боовыг таваар засдаг нь эрхэм хүмүүний “махан бие”, “ясан бие”, “цусан бие”, “дотоод галыг төлөөлөх хий бие буюу сүнсэн бие”, “гадаад галыг илэрхийлэх гэрлэн бие” гэсэн 5 биеийг төлөөлдөг байна. Орчин үед гурваар, эсвэл дөрвөөр тойруулан засдаг нь буруу бөгөөд танд байх ёстой 5 бие дутуу болдог байна.

Нас залуу хүмүүс таваар гурван үе засдаг. “Үр хүүхдээ үзээгүй, гурван үеэ үзээгүй” хүн энэ гурван үеийг үзэхийн бэлгэдэл болгодог ажээ. 60 – 80 нас хүртэл насалсан хүн таваар таван үе, 80 – 100 нас насалсан хүмүүс таваар 7 үе, 100 наснаас дээш хүн таваар есөн үе засдаг. Зассан тавгандаа цагаан идээ чимж тавих ба сул гурил будаа хийхийг цээрлэдэг. Тойруулж өрсөн ул боов нь “сав”-ыг илэрхийлэх учир савыг дүүргэх бэлгэдлээр цагаан идээ хийнэ. Хамгийн дээр нь өрөм дэвсэж, түүний дээр шар тос тавьдаг. Тосныхоо дээжнээс магнайдаа хүргэдэг ба энэ нь “миний магнай үргэлж өөх тос, нүнжиг дагуулсан ухаантай, оюунлаг” хэмээсэн утгатай.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
ТОО
0
0
0