Монголчуудын эдийн засагт эртнээс ан ав
эрхлэлт, нүүдлийн мал аж ахуйн хамт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэдгээр ан
авын нэг хэлбэр нь зэрлэг амьтдыг тэдний оршин амьдрах нутагт нь сургаж
гаршуулсан махчин шувуугаар бариулах арга юм. Монголчууд харцага, шонхор,
бүргэд зэрэг махчин шувууг тэжээн сургаж ан хийлгэхийг “шувуулах” гэж нэрлэж
байсан бөгөөд Монголын эзэнт гүрний үед энэ арга ихээхэн дэлгэрсэн байсан тухай
түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Нөгөө талаар энэ өв соёл нь хоол хүнс, ашиг олз олох гэхээсээ
илүү хүн ба шувуу хоёрын хоорондын нөхөрлөл, хүн байгалийн хүйн холбоог
илэрхийлсэн уламжлалт зан үйл, соёлын өвөрмөц өв юм.Шувуулахуйн соёлоор махчин шувуудыг ан
хийхэд сургаж, барьсан өгөөшөө эргээд эзэндээ авчирч өгөхийг сургадаг. Шувуулах
урлаг нь эртний Месопотами /Тигир Евфрат мөрний хөндий буюу одоогийн Ирак,
Сири, Турк, Ираны зарим хэсэг/, Монгол, Хятадад НТӨ 2000 жилийн тэртээгээс
үүссэн гэх баримт бий.
Монголчууд эрт цагаас хүчирхэг, эрэлхэг
махчин шувууг сүлд болгон тахиж, тэднийг барьж тэжээн ан авд сургаж, ахуйд
хэрэглэж ирсэн. Хүннү гүрний Атилла хааны цэргүүдийн бамбайн дээр шонхор шувууг
дүрсэлдэг байсан бол Чингис хааны Их Монгол Улсын сүлдэнд цагаан шонхор
залагдсан. Монголчууд хоол хүнснийхээ тодорхой хувийг ан аваас олдог байсан
бөгөөд цагаан шонхор, эгэл шонхор, идлэг шонхор зэрэг хурдтай, том биетэй
шонхороор ан хийлгэж нугас, галуу тэргүүтэнг бариулдаг байв. Хаад ноёд сайн
шонхор шувууг Байгаль нуур, Манжуур, Алс Дорнод, Солонгос, Бохайгаас барьж
ирүүлдэг байв. Италийн жуулчин Марко Поло-гийн “Ертөнцийн элдэв сонин” номонд
“4 хоногийн аялал хийвэл Хойд тэнгист хүрмой. Тэндэхийн олон арлууд дээр цагаан
шонхор ихээр байх ба хаан тэдгээр шувуудаас хүссэнээрээ барьж авчирна”, “... Их
хаанд чоно, үнэг, зээр, буга бариулдаг олон тооны бүргэд байдаг. Тэдгээр нь
олон тооны ан барих бөлгөө. Чоно барьдаг хамгийн том хүчирхэг бүргэд байдаг.
Тэдний махир хошуунаас зайлж чадах чоно нэгээхэн ч үгүй бөлгөө” гэх мэтээр
тэмдэглэсэн байдаг.
Монголчууд байлдан дагуулсан овог, улс
орноосоо шонхор шувууг татвар болгон авч байсан жишээ олон бий. 918 – 1392 онд
оршиж байсан Корё улс их хаанд олон тооны шонхороор татвар өгдөг байсан бол
Оросоос Монголын эзэнт гүрэнд олон тооны шонхор ирдэг байв. 1491 онд Оросын III
Иван хаан алба татварт цагаан шонхор оруулж тооцох талаар Алтан ордны хаан
Мэнлигтэй гэрээ хийж байжээ.
Гурван голын овог аймгуудын
толгойлогчдын нэг Боданчар мунхаг ах дүү нартаа хөөгдөөд Онон мөрний Балжин
аралд өвсөн овоохой барьж суухдаа хар мориныхоо дэл сүүлээр урхи хийж барьж
авсан саарал харцага шувууг сурган хар хур шувуу бариулж байсан тухай МНТ-нд
байдаг. Сүхбаатар аймгийн нутгаас олдсон XIII зууны үеийн Монгол язгууртны
булшнаас гарсан бүсний толин дээр цагаан шонхор шувууг дүрсэлсэн байсан. МНТ-нд
Чингис хаан 6 сайд нарынхаа нэг Боорчийг магтан дуулахдаа шонхор шувуу мэт
дайчин, шийдвэртэй гэсэн байдаг. Монголчууд махчин шувуудыг сургаад эзнийх нь
нэртэй мөнгөн бөгжөөр бөгжилдөг байснаас үүдэлтэйгээр орчин үед шувууг бөгжилж
судалдаг арга үүссэн гэж ч ярьдаг.
Манжийн эрхшээлийн үед энэ өв мартагдсан
байсныг 300 гаруй жилийн дараа сэргээсэн. Мөн шувуулахуйн урлаг цөөрсөн гол
шалтгаан нь хүмүүс буу хэрэглэж ан хийдэг болсонтой холбоотой. Гэвч шувуулахуй
нь эрт үед язгууртнуудын зугаа цэнгэл байсан учир эдүгээ устаж алга
бололгүйгээр эдүгээ спорт болон үргэлжлэн хадгалагдсан байна.
Шувуулахуйн гол төлөөлөгч нь шонхор
болон харцага юм. Шонхор сургагч нар өөрсдийн шонхорыг тагтаагаар өгөөш хийн
барьдаг. Шонхор шувууг сургахад эхлээд шувуутайгаа харилцахад цаг гаргах,
ажиглах, гар дээрээ суулгахаас эхэлдэг. Шувууныхаа малгайг авах, солих, гартаа
өмссөн бээлий дээрээ малгайгүй удаан суулгаж дасгах хэрэгтэй байдаг. Шувуутайгаа
хамт нэг өрөөнд байх, үүнийг “шувуугаа сэрүүн байлгах” гэж нэрлэдэг. Нэлээд
тэвчээр шаарддаг бөгөөд өөртөө сайн дасах хүртэл хамт байж дотно харьцаа
үүсгэхийг эрмэлздэг. Шувууны хөлний шагайгаар уяагаар уяж хөдөлгөөнгүй
байлгана. Өдөр шувууг эзэн нь гар дээрээ суулгаж бага зэрэг хөдөлгөөнтэй
байлгадаг. Шөнө нь газарт бөхөлсөн модон суултуур дээр суулгаж, уяаг нь уртхан
тавьдаг. Шувуу сургагч өгөөшийг бага зэрэг түүхий махтай хамт бариад 30-аад
алхам хол зогсох ба шувуучийн туслах шонхорын малгайвчийг авахад шувуу сургагч
тухайн шувууны нэрээр нь дуудаж өгөөшөөр даллана. Шонхор нисэж ирээд өгөөшийг
барих үед урамшуулан мах өгөх маягаар сургадаг.
Шувуугаар ан хийдэг хүнийг англиар 2 янз
нэрлэнэ. Шонхороор ан хийдэг хүнийг Falconer, харцага болон бүргэдээр ан хийдэг
хүнийг Austringer гэж нэрлэдэг. Орчин үед махчин шувуугаар ан хийхдээ ихэвчлэн
улаан сүүлт харцага (Red tailed Hawk), харисын харцагыг (Harris Hawk) ашиглаж
байна. Сүүлийн үед хот суурин, байгууламж, томоохон барилга, нисэх буудлын
орчмын хөнөөлт шувууд, мэрэгч ба жижиг хөхтөн амьтдыг хянахад махчин шувуудыг
ашигладаг болсон.
Монголд 2000 онд “Анч шувуу сонирхогчдын
клуб” байгуулагдсан. 2005 онд “Монголын анч шувуу сонирхогчдын нийгэмлэг”, 2014
онд “Монголын Шувуулахуйн холбоо” болон өргөжсөн. Мартагдах шахсан соёл буюу
шувуулахуйн соёлыг эргэн сэргээх, олон түмэнд таниулах, бэртэж гэмтсэн шувууг
эмчилж байгальд нь тавих зэрэг үйл ажиллагаа явуулдаг. АНЭУ бусад 11 улс
үндэстнийг төлөөлөн 2009 онд өргөдөл гаргасан дагуу 2010 оны 11-р сарын 16-нд
ЮНЕСКО-гоос “шувуугаар ан хийх” буюу “шувуулахуйн соёл”-ыг хүн төрөлхтний
соёлын өвийн жагсаалтанд бүртгэж авсан. Жил бүрийн энэ өдрийг “Шувуулахуйн
өдөр” болгон тэмдэглэдэг болсон.
Казахууд цармын бүргэдээр хамгийн томдоо
чоно агнадаг. Идлэг шонхор, шилийн шонхор, морин харцагаар ятуу, тогоруу,
тоодог гэх мэтийн шувуу, зурам, хамгийн томдоо туулай агнадаг. Шонхор шувуу байгальд 15-20, хүний гар дээр
гаршсан тэжээвэр шонхор 25 орчим насалдаг. Хуулийн дагуу бол “монгол хүн соёлын
арга хэмжээний зориулалтаар байгалиас махчин шувуу аваад тэжээж, ашиглаж болно”
гэсэн эрх зүйн заалт бий. Идлэг шонхор Араб руу 16 сая төгрөг хүртэл эдийн
засгийн өндөр үнэлгээгээр үнэлэгдэн гардаг. Хувь хүн шонхор барьж тэжээхэд
хууль тогтоомжийн дагуу 3.6 сая төгрөг төлөх ёстой. Харин бүргэд тэжээх хүмүүс
87 мянган төгрөг төлдөг.
Шонхор шувуу сургагчид идлэг шонхорын
судалгааг сүүлийн 25 жилд зохион байгуулж байна. Сургагчид махчин шувуудыг
үржүүлж байгаль дээр устаж үгүй болсон газарт нь эргэн нутагшуулах аргыг
боловсруулсан байдаг. Шонхор сургагчид анхны радио дамжуулагчийг махчин шувуунд
суурилуулах ажлыг 50-иад жилийн өмнөөс хийсэн. Хиймэл дагуулаас мэдээ авах
радио дамжуулагчийг анх баавгайн дээр турших ажлыг хийсэн бөгөөд хэмжээ нь
жижигссэний дараа бүргэд дээр тавьсан байдаг. Төхөөрөмжийн тусламжтайгаар
хиймэл дагуулын мэдээгээр шувуудад амьдрахад таатай нутгийн талаар, шувууд
үржлийн газраас хаашаа нүүдэллэдэг мэдээ мэдээлэл олж авах боломжтой болсон.
Тэмдэглэсэн Ч.Буянбадрах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.