Монголчуудын эдэлж хэрэглэж заншсан чулуун хөөрөг нь Чин гүрний үеэс эхлэлтэй. 1644 – 1911
оны үед хамрын тамхины хэрэглээ Төв Азийн нутгийн гүнд ихсэж энэ ёслол улам
нарийсан чулуун хөөрөг хийгдэх болжээ. Харин 1700 оноос чулуун хөөрөгний
хэрэглээ монголчуудын дунд өргөн тархаж нэгэн төрлийн гангараа болсноос хойш
эдүгээ хүртэл хэрэглэж байна. Америкийн Сан Франциско хотын Азийн урлагийн
музейд маш эртний чамин хийцтэй хөөрөгнүүд тавигдсан байдгаас монголчуудын
хэрэглэж байсан алганд багтахааргүй том чулуун хөөрөг байдаг байна.Хөөрөг бол монголчуудын зан үйлийг илэрхийлдэг эрчүүдийн нэг гол гоёл чимэглэл юм. Мөн эмэгтэйчүүд ч бас хэрэглэж иржээ. ХҮII зууны үед Европт орж ирсэн тамхи Хятадаар дамжин Монголд иртлээ чамгүй урт зам туулжээ. Амны тамхины нэгэн адил хамрын тамхи татах зуршил Манж, Түвдээс Монголд нэвтрэхдээ өөрийн өвөрмөц хэлбэрийг олжээ. Монгол хөөрөг ч гэсэн хятад хөөрөгнөөс өвөрмөц юм. Харин түвдүүдийн хэрэглэдэг хөөрөгтэй төстэй. Хятад хөөрөгт нас, дотроос хийсэн хээ, хэн нэг мастерийн хийц зэрэг нь голлох үүрэг гүйцэтгэдэг бол монгол хөөрөгт чулуу, чулууны бүтэц, нэн ялангуяа толгойн хийц, үнэ цэнэ чухал байдаг байна. Мөн тухайн хөөргийг хэрэглэж байсан төрийн зүтгэлтэн, хутагт хувилгаан барьж байснаараа их үнэд хүрдэг байна. Хөөрөг нь ихэнхдээ хутагт хувилгаад, төрийн зарим дээд албан хаагчдын хэрэглээ байжээ. Хожим шашин сүм хийдийг устгах үеэр үнэ цэнээ алдаж улмаар дайны үеэр хөөргийг хага цохин хэлтэрхийг нь цахиур болгон ашиглаж байсан явдал байлаа.
1990-ээд оноос үндэсний ухамсар сэргэхтэй давхцан хөөрөгний хэрэглээ сэргэж, төрийн дээд албан тушаалтан, мянгат малчин болоод жирийн иргэдийн нэгэн хэрэглээ болон хувирчээ. Монголчууд уламжлалт ёсоороо мэндлэхдээ хөөргөөрөө тамхилдаг заншилтай. “Мэнд сайхны шар” тамхилдаг шар гэж нэрлэх явдал байдаг. Хөөргийг урласан материалаар нь чулуу, шил, шаазан яс, мод, мөнгөн хөөрөг гэж хуваадаг ба толгойг нь ихэвчлэн шүрээр хийж, 32 самнай бүхий мөрөн хээтэй, утсан сүлжмэл алтан нуухтай, шүрэн толгойтой гэх мэтээр чамин урлаж гоёдог.
Монголчууд хөөрөгийг их, дунд, бага гарын, эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ялгахаас гадна хавтаганы, ямбаны, ширээний гэж ялгадаг. Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс нь нарийн дэг жаягтай. Мэндлэхдээ хоёр хүн тус, тусын хөөргийг гарынхаа алган дээр хагас босоо барин солилцно. Ингэхдээ толгойг үл мэдэм онгойлгож өгөх бөгөөд эргүүлж өгөхдөө ч мөн тэр янзаар буцаан барина.
Хаш хөөрөг: Чулуун зэвсгийн үеэс хүмүүс хашийг ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн байна. Хаш хэрэглэсэн хүн бадамлянхуа цэцэг мэт ариухан сэтгэлтэй болдог гэнэ. Гэмтсэн яс бороолох, эр, эм хоёрын ариун ёсыг сахихад тусалдаг. Хаш зүрх сэтгэлийг амгалан болгодог, догшин авирыг номхотгодог чадалтай. Хаш хөөрөг элэгдэх тусмаа өнгө орж, гөлгөр болдог.
Манан хөөрөг: Найрлагадаа элдэв язгуур мах бодийн багахан хольцтой далд талст болорыг мана гэнэ. Найрлага дахь хольцноосоо хамааран 30-аад төрлийн мана байдаг. Эдгээр нь тус тусын эрдэм чадалтай. Халтар мана саа, үе мөч татах өвчнийг анагаадаг бол, шар мана солиорлоос хамгаална. Мана гэр бүлийн аз жаргалыг хамгаалж намжаадаг.
Шүрэн хөөрөг: Шүрийг зөнч мэргэдийн сахиусан чулуу гэх нь бий. Шүр нь атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бүхнээс хамгаалдаг. Аянга цахилгааныг зайлуулдаг, ой тогтоолтыг сайжруулдаг, шарх сорви, ярыг эдгээж, ангиныг анагааж, хордлого тайлдаг тустай. Төрөх гэж буй эх цагаан шүрэн хөөргийг алганы хээгээр үрэхэд хүндрэлгүй төрдөг. Хойтох нь саатдаггүй гэнээ. Тийм ч учраас хөөрөг дотроос шүрэн хөөрөг хамгийн үнэтэй нь бөгөөд шүр нь баяр баясгалан бэлэглэх бэлгэдэлтэй ажээ.
Номин хөөрөг: Биедээ байнга авч явбал яр шарх гардаггүй. Номин эдэлбэл хортой зүйлд осолдох, яр шарх, усны болон татах өвчин, үрэвсэл, түлэгдэлт, бэртэл гэмтэл, цус багадалт, мэдрэлийн ядаргаа, астам зэрэгт сайн. Номин өөрийн авъяас чадварыг дайчлахад тусалдаг. Матар, мэлхийн ордныхонд сайнгүй. Төрсөн жил, орд, гарал үүсэл зэргээ бодолцон барих хөөргөө сонговол өөдрөг байна.
Сүүжин хөөрөг: Энэ хөөргийг аль ч ордныхон барихад сайн. Усан молор нь хүмүүст энерги их авчирдаг. Сүүжин хөөрөг нь арслангийнханд хөөрүү сэтгэлээ дарах, хониныхонд санхүүгийн хүндрэлээс гарахад, хумхынханд ирээдүйгээ харахад тусалдаг.
Сувдан хөөрөг: Сувд эрүүл энх, аз жаргал, урт насыг бэлэглэдэг. Ийм хөөрөг загасны ордныхонд тун ээлтэй.
Оюу хөөрөг: Оюу бол аз жаргалын чулуу, үнэнч дурлалын бэлэг тэмдэг. Ийм хөөрөг хэрүүл тэмцлийг номхотгож, атаа хорсол, үзэн ядалтыг зөөлрүүлэн намжаах, гэр бүлийн гишүүн эв эеийг бататгадаг. Оюу элбэг дүүрэн амьдралд хүргэдэг ажээ. Оюу хөөрөгтэй хүний амны хишгийн сахиус зүүсэн хүнтэй адилтган үздэг.
Ундрам хөөрөг: Жинхэнэ ундрам хөөрөг ховор. Ихэвчлэн хиймэл керамик маягийн байдаг учир төдий л үнэтэй биш.
Чүнчигноров хөөрөг: Чүнчигноров нь зөвхөн Монголд л байдаг эрдэнийн чулуу бөгөөд түүгээр хийсэн хөөрөг нь эзэндээ маш ээлтэй, түүнийг хэрэглэж байсан хүн хойд төрөлдөө дээд төрлийг олдог хэмээн бэлгэшээдэг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.