14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

УРАГ ТӨРЛИЙН НЭРШИЛ

Монголчууд эрт дээр үеэс айл гэрийг эхнэр нөхөр, гэр бүл амьдрах төдийгүй хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, төр улсын албыг залгуулах чухал орчин гэж үзэж эхнэр, нөхөр болох хүмүүсийн төгс төгөлдөр сайн шинжийг эрхэмлэдэг уламжлалтай. Иймээс ч хүү, охиноо гэрлүүлэн өрх тусгаарлахыг төрийн ёсны эрхэм хүндтэй зүйлд тооцдог ажээ.

Бэр хүргэнийг гэрлүүлэхэд тэр хоёрын хайр сэтгэлтэй эсэхийг анхаарахын зэрэгцээ эцэг, эхийн санал чухал нөлөөтэй байдаг. Эцэг, эх нь бэр, хүргэнээ шинжихдээ удам гарал, хүргэн, бэр хоёрын сэтгэлийн нийлэмж, ааль зан, мөс чанар, галбир царай тэгшийг, ажил хөдөлмөрч, буян заяа арвинг, ёс горим, эрдэм чадвар эзэмшсэнийг, нас сүүдэр, жил зохицохыг долоон шинжээр нь үздэг бөгөөд удам сударт нь буюу өмнөх гурван үед нь хулгай хийж, худал хэлэх, ажил төрөл, ааш зан муутай бол, ялангуяа ужиг муу өвчтэй хүн байвал гэрлүүлэхээс татгалздаг байсан нь удамшлын нөлөөг ойлгож, хос хоёрын төдийгүй, тэдний үр хүүхдийн ирээдүйн амьдралыг ариун нандин байлгах гэсэн зүйд нийцсэн ёс юм. Мөн овог дотроо юм уу, эцгийн талын долоо, эхийн талын гурван үе доторх төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээрлэн цус ойртож үр хүүхэд нь ухааны хомсдол, бие эрхтний гажигтай төрөхөөс сэргийлдэг байжээ.

Монголчууд "Ураг урагтаа хүндтэй, ургаа мод газартаа хүндтэй"-н учир хусавч үл арилах ясан төрөл, шахавч үл ширгэх цусан төрлөө мэдэхийг үр хүүхдэдээ хичээнгүйлэн захидаг нь үр удмаа эрүүл ариун байлгах шаардлагын зэрэгцээ, төрөл садан ахан дүүсээ сайн мэдэж хүндэтгэн, дотносох, бие биенээ тэтгэн тусалж байх амьдралын хэрэгцээтэй холбоотой юм. Эцгийн талыг ясан төрөл, эхийн талыг цусан (юм уу махан) төрөл гэж үздэг бөгөөд өөрөөсөө өмнөх, хойтох долоон үеийг үр хүүхдэдээ сайн мэдүүлж, нэрлэж сургадаг. Тухайлбал: өөрөөсөө дээш эцэг, өвөг эцэг, өндөр эцэг, элэнц эцэг, элэнц өвөг, хуланц, хуланц өвөг гэх буюу өөрөөсөө доош хүү, ач, гуч, жич, дөч, тач, жилийх, талийх гэж долоон үеэ мэддэг байх учиртай.Төрөл саднаа хэд дэх үе болохыг ямар ч үед самуурч будилалгүй мэдэж, тоолох амар хялбар аргыг монгол түмэн үр хүүхдэдээ зааж өгдөг байв. Ингэхдээ өөрийгөө цээжин биеэр төлөөлүүлэн түүнээс гадагш хөл, гарын үзүүр хүртэлх мөч бүрийг нэг нэг үед хамааруулан долоон үе тоолж, ямар овогтны хэд дэх үе дээрээ явааг хэлэхээс гадна, долоон үе мултарсан бол хоорондоо гэрлэж болно гэж зааж өгдөг байв. Хүүгийн хүүхдийг ач, охины хүүхдийг зээ, аавын талын төрөл саданг авга, эхийн талыг нагац гэх бөгөөд хүүхэд үрчлэхдээ өөрийн овог буюу авга үеэл талаас авахыг эрхэмлэдэг байжээ.

Аавын талыг нэрлэх гурван нэр байдаг.
1. Авга гэдэг нь аавын талын бүх ах, эгч, дүү нар
2. Үеэл нь эцэг нэгтэй ах, дүү нарын хүүхэд
3. Хаяал нь үеэлийн хүүхдүүд

Эхийн талыг нэрлэх, тус бүрдээ утга салаалсан гурван нэр бий. 
1. Нагац гэдэг нь ээжийн талын бүх ах, эгч, дүү нар
2. Бүл нь эх нэгтэй эгч, дүү эмэгтэйчүүдийн хүүхдүүд. Бүлийн хүүхдийг бүлээн, бүлээний хүүхдийг бүлэнцэр. 
3. Хүү, охин хоёроо гэрлүүлсэн айлууд хоорондоо худ болдог бөгөөд худ ураг барилдсан айлын эзэд (эрэгтэйчүүд) бие биенээ худ, эмэгтэйчүүд нь худгуй гэж нэрлэнэ.

Харин гэрлэгсэд эхнэр нь юм уу, нөхрийнхөө аав ээжийг хадам аав, хадам ээж гэж дуудах ба өөрсдөө бол хадам талдаа бэр, хүргэн болдог. Монголчуудын угийн бичиг, гэрийн түүхийг үе дамжуулан хөтөлж ирсэн нь өвөг дээдэс төрөл саднаа мэдэх, түүний тогтолцоог хойч үедээ өвлүүлэн мэдүүлэх нэг арга болж байв. Гэрийн түүхийг үйлдэх арга маш нарийн журамтай. Зөвхөн хөвгүүдийн нэрийг түүнд бичдэг. Охид өөрийн удамд бичигдэхгүй үлддэг.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0