14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

ЗАНДАНШУУЛАХ ЁС

XIII-XIV, XVI зууны үед холбогдох хэд хэдэн занданшуулсан шарил олджээ. 1932 онд Хэнтий аймгийн Норов-Дадал сумын сумын ардууд тус сумын хойд зах нутаг айл нутагладаггүй зэлүүд газарт буй Түнхэн уулын зүүн суганд нэгэн чулууны хөмгөөс эсгийд хийсэн эмэгтэй хүний занданшуулсан шарил олдсоноос гадна тус аймгийн Дэлгэрхаан сумын Хүйтэн хошууны хадны оршуулга, Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн хадны оршуулга, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Хэц уулын хадны оршуулга, мөн аймгийн Даланжаргалан сумын нутагт буй Нартаас  хадны оршуулгууд илэрчээ.

Дундад зууны үед шашны өндөр зэрэг дэвтэй, эрдэм мэдлэгтэй лам хүмүүс суугаагаараа нас бардаг байжээ. Нас барсны дараа занданшуулах юмуу чандарлах зэргээр оршуулдаг байна. Занданшуулах ёс нь дотроо өөрийн эрхтэй, өөрийн эрхгүй гэсэн хоёр янз байдаг. Өөрийн эрхгүй гэдэг нь тухайн хүн амьд сэрүүн байхдаа “намайг занданшуулаарай” гэж гэрээслэх, эсвэл өөрийн эрдэм чадлаар биеэ ариусгаж, өөрийгөө занданшуулах сэтгэлийн хүчийг олж чадаагүй хүнд хэрэглэдэг арга юм. Энэ аргыг ихэвчлэн хаад, ихэс язгууртнуудыг оршуулахад хэрэглэдэг. Тусгай аргаар тухайн хүнийг бүтэн жилийн хугацаанд хадгалж, дотроос нь хамаг бохир юмнуудыг нь гаргаж, биеийг аажмаар хатааж занданшуулахыг хэлдэг. Энэ аргыг ялангуяа дорно дахины орнууд илүү хэрэглэдэг бөгөөд монголын шашны ихэс дээдсүүдийг ингэж занданшуулжээ.

Монголын найман Богд гэгээнийг ингэж оршуулсан бөгөөд занданшуулж хатаасны дараа нүүр царайг нь эм, шавраар засаад суварган дотор залж шүтээн болгодог. Эсвэл бүүр онголон бунхалж ахин хүн нээж орохгүй болгож хадгалдаг. Өөрөө өөрийгөө хатааж занданшуулсан хүмүүс байдаг бөгөөд ингэж өөрийгөө хатааж занданшуулсан шарилаас ямар ч эвгүй үнэр гардаггүй байна. Учир нь сэтгэлийн ариусалд хүрсэн учраас бие нь ямар ч хор хөнөөлгүй болсон байдаг. Тийм ариусалд хүрсэн хүний шарилаас гарч байгаа бүх зүйл сайн сайхан байдаг учраас суварганд хийгээд сүм дуганы шүтээн болгон залдаг.

Улаанбаатар хот дахь Чойжин ламын сүм музейд ард түмэнд Чойжин лам гэж алдаршсан Лувсанхайдавын занданшуулсан шарил хадгалагдан байдаг. Түүнийг цогцосыг улсын сангаас 100 лан мөнгөний зардал гаргаж занданшуулан тэр хэвээр нь тусгай дуганд хадгалан агуулжээ.

ТОО
0
0
0