Казакийн түүх нь 130 жилээр хэмжигдэнэ. Анх 1875 оны үеэр
Хятад улсын Алтайн Шинжан нутгаас 20 гаруй айл нүүж ирсэн түүхтэй. 1930–аад оноос
Алтайн хязгаарын казак иргэд бөөн бөөнөөрөө Монгол руу
дүрвэн ирэх болжээ. Урьд 1911 онд Богд хаант Монгол улсын бүрэлдэхүүнд
Хэрэйд, Найман овгийн 21000 хасаг иргэд
амьдарч байжээ. 1938 оны 6 дугаар сарын 9-нд Бага хурал хуралдаж үндэсний цөөнхи болсон Казакийн асуудлыг шийдэж 1940
онд Баян-Өлгий аймгийг байгуулжээ.
Казакийн заншилд өөр шашинтай, өөр
үндэстэнтэй гэрлэхийг цээрлэдэг. Хэрвээ Казак бүсгүй өөр үндэстэй гэрлэвэл
ариун бусыг үйлдсэн хэмээн ахан дүү, овог отогтоо нэр хүндгүй болж казах хүн
биш хэмээн тооцогдоно. Харин казак залуу өөр үндэстний бүсгүйтэй ханилж, шашин
номондоо оруулж чадваас өөрийн үндэстэндээ оруулж байгаа буянт үйл болно.
Аксакалын сургамж бол Аллах тэнгэрийн зарлиг мэт байдаг. Аксакала гэдэг нь “цагаан сахал, буянтай
буурал” гэсэн үг ажээ. Казакууд өвгөд өтгөс, настан буурлуудаа эрт цагаас өнөөг
хүртэл ихэд хүндэтгэсэээр иржээ. Зарим айл хэрэг төвөгт өртөж болзошгүй зан
байдал хүмүүжил, сахилга бат сулхан хүүхдээ Аксакалатай уулзуулж сургамжийн үг
сонсгон зөв замд оруулдаг уламжлалтай.
Бэлэвсэрсэн эцэг эх чухам хэнийх нь гэрт байхаа өөрсдөө
сонгоно. Амьдрах арга ухаан мөхөс бэл бэнчин дутмаг, өөрөөр хэлбэл хамгийн ядуу
амьдрал дорой хүүхдийнхээ гэрт голдуу амьдардаг. Бусад өөдрөг яваа охид хөвгүүд
нь “аав ээжийн хувь” болгож идэж уух, өмсөж зүүхээс өгсүүлээд бүх л зүйлийг
үргэлж өгч насан эцэс болтол нь ивээн тэтгэнэ. Иймээс хүүхдүүд аав ээжээ гэртээ
байлгах дуртай бөгөөд тэр айл юмаар тасрахгүй элбэг дэлбэг амьдардаг байна.
Казак ямар ч айлын хүмүүс (хоноц ч адилхан) хоол идэхийн
өмнө ба дараа нь гараа заавал угаадаг заншилтай. Айл бүхэн услаг буюу сувлак,
тослог буюу маялак гэсэн усны ба тосны хоёр алчууртай байна. Харин ахмад хүмүүс
болон зочны гарт усыг тэр гэрт байгаа хамгийн бага настай нь хийж үйлчилнэ. Казак
айлд зочилбол тэд эхлээд аяганд цай хийж барина. Цайг нь уугаад баярласнаа
илэрхийлэхийн тулд аяганыхаа амсарыг 5 хуруугаараа таглан тавиарай. Хэрвээ
ингэхгүй бол аяганд тань хэдэн ч удаа цай хийж мэднэ. Казак айлд зочлох хэрэг
гарвал нар жаргахаас өмнө очвол, тэр айл зочныг үнэн сэтгэлээсээ ирье гэж
манайхыг зорьж ирсэн сайхан сэтгэлтэй зочин гэж үзээд дээд зэргээр хүндэлнэ.
Хэрэв нар шингэсний дараа очвол Кангарган конак (төөрсөн хоноц) гээд арай өөрөөр угтдаг.
Дэлхийд шувуугаар ан хийдэг үндэстэн тун ховор бөгөөд
тэдний нэг бол казакууд юм. Тэдний
энэ заншил 250 жил үргэлжилж байгаа бөгөөд Казакын эрчүүд бүргэдээ аваад ан гөрөөнд явахад нь хэн
нэгэн хүн хамт явъя гэвэл түүнийг заавал дагуулан явдаг. Бүргэд нь 25-30 насалдаг.
Рамадан сар буюу Кадыр шөнө: Энэ нь мусальман
шашинтнуудын хувьд нэгэн том үйл явдал бөгөөд “Кадыр шөнө” болоход Аллах тэнгэр
хүн төрөлхтөнд хайр хишгээ харамгүй хайрладаг хэмээн итгэдэг тул “кадыр шөнө”
нүдээ огтхон ч аньдаггүй ажээ. Шөнийн турш гэр бүл, найз нөхөдтэйгөө бурхандаа
залбирч бие сэтгэлээ ариусгах нь мянган сар үйлдсэн залбиралаас илүү гэж үздэг
ажээ. Тэд шашны сүм, сургууль дээр цугларч үүр цайж нар мандахыг хүлээн Кадыр
шөнийг нойргүй угтаж Аллахын хишгийг хүртэхийг хичээцгээдэг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.