14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

ТОГЛООМ НААДГАЙ

Монголчуудын тоглоом наадгай нь нүүдэлчдийн амьдрал ахуйд тулгуурласан, тоглох аргын хувьд төгс боловсорсон оюуны чухал соёлын өв ажээ. Монгол тоглоомын дотор эртний хүмүүсийн амьдрал үйл ажиллагааны шууд тусгал болон зохиогдсон тоглоом олон байдаг. Тухайлбал, чулуугаар бай онох, чулуу өнхрүүлэн уралдуулах, чулуугаар ус алгадуулах зэрэг тоглоом нь ан агнах, араатнаас биеэ хамгаалах үйл ажиллагаанаас үүсчээ. Монголчуудын тоглоом наадгайг насанд хүрэгчдийн ба хүүхэд залуучуудын гэж ангилдаг ба тэдгээрийг шагайн тоглоом, чулуун тоглоом, аман тоглоом, хөлөгт тоглоом, гар хуруугаар тоглох тоглоом, хөдөлгөөнт тоглоом, гэр барих тоглоом, оньсон тоглоом гэх мэтээр ангилдаг. Ардын тоглоомын санд 15 бүлгийн 800 гаруй тоглоом байдаг байна. Түүний дотор зөвхөн хөлөгт тоглоом гэхэд 130 гаруй нэр төрөл бий.  Мал сүргээ маллаж өсгөх, ан гөрөө хийх, ах захаа хүндлэх ёсыг хэвшүүлэхийг үлгэрчлэн харуулах зэрэгт монгол тоглоом хүмүүжлийн чухал ач холбогдолтой.

Оюун ухаан хөгжүүлэх оньсон тоглоомоороо Монгол улс дэлхийд дээгүүр байранд ордог. Модоор хийдэг нь хүүхдэд ямар ч хоргүй, оюун ухааныг тэтгэхээс гадна гарын булчин шөрмөсийг ч хөгжүүлдэг давуу талтай. Оньсон тоглоомыг 3, 6, 9, 12, 32 модны гэхчилэн ялгадаг. Гадна хэлбэрийн хувьд ч маш олон янз бий. Монголын уламжлалт оньсон тоглоомыг урлах 3000 төрлийн арга буй хэмээн үздэг.

Шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий бөгөөд эртний уламжлалтай. Морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх зэргийг мэдэхгүй хүн ховор. Анд бололцохдоо шагай солилцдог байсан нь нэгэн биеийн холбоотой хоёр мөч мэт салшгүй байхын бэлгэдэл байжээ.

Оюун түлхүүр: Хүн бүр бие барсныхаа дараа тамын оронд заавал очдог хэмээн нэгэн домогт өгүүлдэг. Тамын орон нь газрын гүнд оршдог, есөн үетэй гэнэ. Үе бүр нь өлсөх, цангах, даарах, халууцах гээд өөр өөрийн зовлонтой. Хэцүү бэрхийг туулан есөн үеийг давсан хүн диваажинд очих жамтай. Тамын орноос гарах сүүлийн хаалгыг оньсоор цоожилсон байдаг. Ган төмрөөр хийсэн тэрхүү бат бөх цоожийг онгойлгоход ямар ч багаж хэрэгсэл, түлхүүр нэмэргүй. Зөвхөн хурц ухаантай, уйгагүй хөдөлмөрч хүн л цоожийг тайлах учиртай ажээ. Оюун түлхүүр тоглоомын түүх ийм. Эцэг эхчүүд нь энэхүү тоглоомыг тоглох аргыг хүүхдүүддээ хэзээ ч зааж өгдөггүй. Хонь малаа бэлчээхээр явахад нь “Үүний учрыг нь ол” хэмээн өгч явуулдаг байжээ. Үүнийг мөн чамабалын түлхүүр гэж нэрлэх нь ч байдаг байна. Уг тоглоом нэг оньсыг тайлахаас эхлээд хэдэн зуун үйлдэлтэй цагираг болтлоо хөгжжээ. Гэхдээ үхлийн дараах амьдралд бэлдэхээс илүүтэй үр хүүхдийнхээ гүйлгээ ухаан, тооцоолох чадварыг хөгжүүлэхийн тулд оюун түлхүүрийг тайлуулдаг байсан нь ойлгомжтой.

Оньсон тоглоом: Оюун задлах оньсон тоглоомоороо монгол дэлхийд дээгүүр байрт жагсдаг. Энэхүү уламжлалт тоглоомыг модоор хийдэг тул хүүхдэд ямар ч хоргүй, оюун ухааныг тэтгэхээс гадна гарын булчин, шөрмөсийг ч хөгжүүлдэг давуу талтай гэнэ. Дэлхийн олон оронд оньсон тоглоом түгсэн ч дийлэнх нь дүрс, хэлбэрийн хувьд нэгэн хэвийн шинжтэй байдаг. Тэгвэл “Олон улсын оюун ухааны музей”-н захирал З.Түмэн-Өлзий шатрын хөлгийн ширээг оньслон бүтээж, Сүхбаатарын хөшөөнөөс эхлэн Эрх чөлөөний хөшөө, Эйфлийн цамхгийг ч оньсон тоглоом болгон урлажээ. Уг тоглоомыг гурван модны, зургаа, ес, 12, 32 дүрстэй гэхчилэн ангилдаг. Түүнээс гадна хэлбэрийн талаас тоймгүй олон янз байдаг. Учир нь тухайн зохион бүтээгчийн санаа, ур хийцээр баяждаг байна. З.Түмэн-Өлзий Монголын уламжлалт оньсон тоглоомыг урлах 3000 төрлийн арга буйг тогтоон, гэрчилгээг нь авчээ.

Алаг мэлхий өрөх: “Эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай” шагай нь уламжлалт тоглоомын эртний төрлүүдийн нэг юм. Амьтны шаант ясны үзүүрт оршдог жижиг цул яс буюу шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий. Морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх зэргийг мэдэхгүй хүн ховор биз. Эрт дээр үед анд бололцохдоо шагай солилцдог байсан нь нэгэн биеийн холбоотой хоёр мөч мэт салшгүй байхын бэлгэдэл байжээ. Монголчууд алаг мэлхийг битүүний орой өрж, шинийн нэгэнд тоглодог уламжлалтай. Энэхүү тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 эсвэл 108 шагайгаар өрнө. Тоглогчид ээлжээр шоо хаяж, хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг авах боломжтой. Хэрэв зургаагийн тоо буувал хүзүү, нурууны аль нэг эгнээний зургаан шагайг өөрийн болгодог. Хамгийн олон шагай хожсон хүн ялагч болно. Түүнчлэн шагай дуусахад дахин тоглох бөгөөд шооны нүхний тоогоор өрнө. Хэрвээ хоёр буулгавал нүдийг, гурав бол толгой, дөрөв байвал шилбэ зэргээр мэлхийн дүрсийг гаргадаг. Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгоход дөхөмтэй гэнэ.

Үйчүүр: Үйчүүрийг хөзрийн хамгийн эртний хэлбэр гэдэг. Энэхүү тоглоом багаар ажиллах, түргэн сэтгэх, шийдвэр гаргах, цээжээр зөв бодох, тооцоолох чадварыг эзэмшүүлдэг байна. Үйчүүрийн мод тус бүрт шувуу, туулай, хүдэр, харцага, буга, ирвэс, арслан, үнэг, нохой зэрэг амьтныг танин мэдүүлдэг ажээ. Уг наадгайг тэгш тоогоор талцан тоглодог. Амьтдыг зургаар нь ангилан тавьж, зургаан ширхэг шоог нар зөв тойруулан ээлжлэн хаяна. Амьтан бүр тоотой. Жишээ нь: дөрвөн нүхтэй зургаан ширхэг шоо буувал нэг арслан авна. Нэг арслан нь 64 лантай тэнцдэг нь тэмцээний хамгийн өндөр оноо. Хоёр нүхтэй шоо хоёр буувал нэг нохой авна. Нэг нохой нь 12 лан ажээ. Тоглоом дуусахад хожсон амьтдынхаа тоог гаргаж, ланг тогтоон дүнгээ гаргадаг.

Хорол: Даалуу хэмээх наадгай Монголд Манжийн үед түгжээ. Тэр үед монгол ноёд, бүсгүйчүүд даалуугаар мөрийтэй тоглодог байжээ. Харь улсын хорон явуулгаас үндэстнээ хамгаалах зорилготой хүмүүс хамтран хорол хэмээх тоглоомыг бүтээсэн түүхтэй. Уг тоглоомд 12 жилийн амьтны дүрсүүд, эрхэм шударгын хорол, эрдэнэсийн бэлэгдэл чандмань, амар жаргалын өлзий хээ гурван толгой мод байна. Зарим нутагт хас, очир, цэцгийн дүрсийг ч оруулдаг. Хорлыг тоглохдоо моднуудыг доош харуулан тарааж, 5-6-гаар давхарлан өрнө. Ингээд тойрч суусан хүмүүсээс ахмад настай нь эсвэл шодож таарсан хүн нь тараадаг. Эхний хүн модыг дангаар эсвэл ижилсүүлэн гаргаж, дараагийнх нь тэндээс сонгох буюу дагуулж өгнө. Ийм маягаар гэр барьж, хэн олон гэртэй болсон нь хождог ажээ. Хорол хамтач ёс, бие биенээ хүндэтгэх зан төлөвшүүлэхэд ач холбогдолтой. Оролцогчид тоглоомын явцад “12 жил” дууг мөн харилцан дуулдаг юм байна. Мөн даалууны мод бүрт зориулсан орчин үеийн үг хэллэг ч бий болжээ.

Ёоз:
Ёгзолдоржийн хөдөөнөөс
Ёнзон хамбын гадаанаас
Цайны сүүний гуйлгачин
Цалам барьсан дээрэмчин
Хон хэрээний нүд
Хоёр нүдний дуран
Хойт хотын данжаад

Бөхөөн дөрөв:
Бөх нуман дөрөв
Бөөхий хотын данжаад
Бөх Лувсаншарав

Ванд:
Вандан суудал
Зандан ширээ

Чанс:
Янаг хоолойн гуниг сэтгэл
Ясчин хятадын зөрүү зургаа

Сарлаг долоо:
Долоон уулын сарлаг
Догшин газрын савдаг

Дөнгө найм:
Эрүү дөнгө эрийн найз
Эхнэр хүүхэд гэрийн найз 
Дөнгө биеийг чилээнэ
Дөрөө хөлийг чилээнэ

Мурий найм
Сайн хэлбэл сарий найм
Муу хэлбэл мурий найм
Дахиад хэлбэл далий найм
Давтаад хэлбэл тэмээ найм

Улаан найм:
Наян жил насалсан
Намбигар улаан чавганцаа

Хуньд найм:
Гуна гулгадаг
Гунж мөөрдөг
Дөрөө хангинадаг
Дөнж хальтирдаг
Наян жил насалсан
Намбагар улаан чавганц

Гавал ес:
Улаан ес жовдуухай
Уулаар явдаг галуухай
Усанд явдаг жараахай
Улсын сангийн Буханхүу

Дэгээ ес:
Дэгээ есөнд дээлээ уруулж
Дэгжин хүүхэд Нүүрээ маажуул
Цагаан дэгээ машин хутгуур
Царил хааны маажгий гуталт

Улаан ес:
Гавалмаа хүүхэн
Дэжидмаа охин

Сийлүү арав:
Сэмбэн нэртэй сийлүү
Бумбан нэртэй рашаан
Сэгэлзүүрийн бэгэлзүүр
Сэгэл Туулын бургас
Сэлээд бууны хугархай
Сэнж модны тайранхай
Сийчаа наачаа дүнхэр даалуу
Сийлэн бөөрийн ягаан яатуу

Бажгар арав:
Арсаг хааны Барсаг хаан
Амбан хааны яран нүүрт

Бажгар арав:
Хар арав Хандын найз
Хандгай буга уулын найз
Ханд хүүхэн миний найз

Үүлүү:
Үү хааны Лүү хаан
Үйзэн бэйсийн дамар толгойт

Үүлүү:
Үгжиг түгжигийн бороохой
Үүлэн сүүдэр дайранхай
Хуутуу цэргийн жанжин
Хуаран цэргийн майхан
Хувин толгой магсар
Хувилгаан нэртэй даалуу

Даалуу:
Хамбан эрээн даалуу
Хар мөрөнгийн жанжин
Энэ наадмын эзэн
Эрээн алаг даалуу   .... гэх мэт

Уран бэрийн гогцоо: Монголчууд бэр болох хүнийхээ гадаад үзэмж, биеэ авч явах байдал, ажилсаг чанараас гадна оюун ухааныг нь харгалзан тоглоомоор шинждэг байжээ. Чөмөгний ясны хоёр талын гогцоонд тус тусдаа буй шагайг нэг утсанд оруулж чадвал уран ухаантай бүсгүй байна хэмээн үнэлдэг байжээ. Ээдрээ тайлах төрлийн тоглоомд үүнээс гадна бөгж нийлүүлэх, цагариг чөлөөлөх зэрэг багтдаг. Энэ төрлийн наадгай нь юмыг гярхай ажиглах чадвар, олон талаас эрэгцүүлэн бодох, ой тогтоолт, уйгагүй оролдлогыг сайжруулдаг байна.

Чамбалын хүрд: Хулганыг нүхнээс нь хурдан гаргах, гарцыг хэрхэн олох вэ зэрэг тоглоомын үндэс нь Хүннү гүрний үеэс эхтэй “Чамбалын хүрд” юм. Булган аймгийн Бүрэгхангай сумаас МЭӨ 200-гаад оны үед хамаарах “Чамбалын хүрд” олдсон ажээ. Энэхүү тоглоом нь нууцыг эрж, түүнд хүрэх замыг түвэггүй олох гол зорилготой. Монголчууд малын хашаа хороо, хээ угалзаас санаа аван олон сүлжээ, давтамж бүхий тойрог дөрвөлжинг зохиомжилдог. Наадагч тойргийн төвд нэг цэг дүрслэн бодож, хараа салгалгүйгээр сүлжиж, гарцыг олох дүрэмтэй. Буруу зам сонговол битүүрч гарцгүй болдог бол зөв замаа сонгон, алдалгүй барьж чадвал ялах юм. Гэхдээ энэхүү тоглоом нь тэмцээн уралдаанаас илүүтэй мэргэ төлгийн шинжтэй байдаг. Эрт дээр үед хол газар буй хүн энэхүү тоглоомоор тоглон, гарцыг хурдан олохоос шалтгаалан ажил төрөл нь бүтэмжтэй байх эсэхээ шинждэг байжээ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0