15. МУЗЕЙ, ТЕАТР, СОЁЛЫН ТӨВ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

1924 онд Монгол орны түүх, соёл болон байгалийн баялгийг олон нийтэд үзүүлэх зорилготой байгуулагдсан. 1941 онд Улсын төв музей болж, 1956 онд одоогийн Байгалийн түүхийн музейн байранд шилжиж түүх, байгаль орчин, палеонтологи, соёл урлаг зэргийг таниулж байгаад 1964 онд угсаатны зүйн танхимыг шинээр нээжээ. 1991 онд Хувьсгалын музейн (1971 онд байгуулагдаж байсан) цуглуулгын үндсэн дээр Монголын үндэсний түүхийн музей болж тусгаарлан тус музейн байранд шилжжээ. 2008 онд “Монголын үндэсний музей” гэж нэрлэгдэхээр болсон бөгөөд 50 гаруй мянган үзмэрийн цуглуулга бүхий 10 танхимыг бүрдүүлжээ.  

Эртний Монголын түүхийн танхимд чулуун зэвсэг болон хүрэл зэвсгийн үеийн олдворын тархацыг харуулсан газрын зураг байх бөгөөд Монголоос олдсон хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үед хамаарах багаж зэвсэг, хадны сүг зургуудыг он дарааллаар дэлгэн үзүүлжээ. Мөн МЭӨ 5000-3000 жилийн өмнө буюу хүрэл зэвсгийн үед Монголчууд мал аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ хүрлээр хийсэн эд зүйлийг амьдрал ахуйдаа ашиглаж ирснийг гэрчлэх гол дурсгалууд бол хадны сүг зураг, хиргисүүр, дөрвөлжин булш, буган чулуу юм. Дөрвөлжин булш, хиргисүүр зэргээс түгээмэл олддог хүрэл дуулга, сумны зэв, ангийн хутга зэргийг дэлгэн үзүүлжээ.

Монголын анхны төрт улс Хүннүгийн түүхийн танхимд 1920-иод онд Төв аймгийн Батсүмбэр сумын Ноён ууланд байх Хүннүгийн Шаньюй нарын асар том булшнаас олдсон эд өлгийн зүйлүүдийг хадгалжээ. Үр тариа хадгалах ваар савнууд, савх, хутга, бусад ахуйн хэрэгслээс гадна зургадугаар булшнаас гарсан “эсгий ширдэг”-ний үлдэц маш чухал олдворт тооцогддог. Ширдэгний дээд хэсэгт үүлэн хээ, түүний гадна талаар нь нарийн зураасан хээ, төвд нь сарлаг, буга, дэлтэй бартай адил араатан, далавч сүүлтэй араатан амьтнуудын хоорондоо ноцолдож буй дүрсийг маш урнаар зээглэн үйлджээ. Ийм уран дүрслэлтэй ширдэг өөр хаанаас ч олдоогүй ажээ.

Түрэгийн түүхийн танхимд Орхон, Туулын сав газраас олдсон Түрэгийн хаад язгууртнуудын бунхан, цогцолбороос гарч ирсэн олдворуудыг дэлгэн үзүүлжээ. Түрэгийн сүүлчийн хаан Билгэ-гийн булшнаас олон тооны алт мөнгөн чимэглэл, алт мөнгөн бумба, хундага, эм хүний алтан энгэрийн зүүлт, ээмэг, бүсний чимэглэл, бугуйвч, алт мөнгөн хуудас, мөнгөөр цутгаж алтаар бүрсэн бугын дүрс баримал зэргийг илрүүлсний дотор “Билгэ хааны алтан титэм” хамгийн үнэт үзмэр юм. Мөн 732 онд босгосон, 3.3 метр өндөр, 1.3 метр өргөн “Культегэний гэрэлт хөшөөний бичээс” бүхий хөшөөг хуулбарлан бүтээж танхимд байрлуулжээ. Уг хөшөөнд 68 мөрөнд 10 мянга орчим үсэг сийлэн Культэгэн жанжны намтар, тухайн үеийн дайн байлдааны тухай өгүүлжээ. Дэргэд нь Билгэ хаан болон хатны гантиг чулуун, толгойгүй хөшөө, мөн Культегин жанжны толгойн хэсэг, түүний хатны нүүрэн хэсэг бүхий хөшөөний үлдэгдэл зэргийг байрлуулжээ. Культегин жанжин 685-731 оны хооронд амьдарч байсан бөгөөд ах Билгэ-г хаан ширээнд суухад ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм. 2000-2003 оны малтлагаар олсон амгай, сумны зэв, бүсний чимэг, малын шагай, ваар, билүү чулуу, дөрөө,  барилгын материалууд гэх мэт олдворууд бий. Архангай аймгийн Тариат сумын нутагт байдаг 2 метр өндөр, Түрэгийн үеийн түүх соёлын тухай өгүүлсэн “Тариатын хадны бичээс” хөшөөний хуулбар байдаг. Танхимын төгсгөлд Уйгар, Киданы үед хамаарах зарим дурсгалууд “Мөргөлчин хүн” хэмээх сүмийн зураг, 80 сантиметр өндөр чулуун арслан, Хэрлэн барс хотын цамхагын тууринаас олдсон Киданы үеийн шаазан ваар, барилгын материалуудыг дэлгэн үзүүлжээ. Монгол үндэстэн ястны хувцасны танхимд эхлээд гадаад орны музейд хадгалагдаж байгаа Монгол үндэсний хувцастай холбоотой үзмэрүүдийг харуулсан зураг байрлуулсан байдаг. Халх, Торгууд, Захчин, Мянгад, Буриад, Дарьганга, Барга, Хотон, Казак үндэстэн ястны хувцас хэрэглэлүүд, монголчуудын гоёл чимэглэл төдийгүй бэл бэнчинг харуулдаг хас пийсүүгээр хийсэн гаанс тамхины хэрэгслүүд, мөнгө, ган, хув, шил, сувд, тана, яс, мод, хасаар хийсэн хөөрөгнүүдийг янз бүрээр дэлгэн харуулжээ. Эмэгтэйчүүдийн энгэрийн зүүлт, бүснээс унжуулдаг чимэглэлүүд, ээмэгнүүд, мөнгө, хасаар хийсэн бугуйвчнаас гадна халх үндэсний гэрлээгүй эмэгтэйчүүдийн сувдан зүүлтнүүд, энгэрийн зүүлт, толгойн боолт,  үсний хатгуур, үнэт чулуун шигтгээ бүхий мөнгө, шүрэн сам зэрэг гоёл чимэглэлийн эд хэрэглэлийг дэлгэн үзүүлжээ.

Монголын Эзэнт Гүрний түүхийн танхимын эхэнд Чингисийн гэрэлт хөшөө бий. 1919 онд Аргун голын эргээс Оросын эрдэмтэн Спасский нээсэн бөгөөд 5 мөрөнд 22 үг бичээстэй, 2 метр өндөр, 65 сантиметр өргөн хөшөө юм. Чингис хааны ач Есүгэн нум сум харваж 335 алд буюу 500 метр хол газар харвасныг магтаж бичсэн байдаг. Чингис хааны хар цагаан сүлд, Чингис хааны баримал хөшөө, Хөгшин тээлийн хөшөө буюу Хубилай хааны цэргийн хотын тухай тэмдэглэсэн хөшөөний бичээс буй. Хөшөөг 1926 онд Оросын эрдэмтэн П.К. Козлов Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутгаас олсон бөгөөд 20 мөр, 300 үсэг бүхий хятад бичигтэй. Юань улсын үед хэрэглэж байсан зарлигийн тамга, эзний тамга, Монголын дипломат харилцааны хамгийн эртний баримт бичиг болох Гүюүг хаанаас 1246 онд Ромын Пап лам IY Инночинцо-д илгээсэн захидлын хуулбар зэргийг тавьжээ. Энэхүү захидалд Монголын эзэнт гүрэнд дагаар орохыг зарлиг болгож бичсэн байсан бөгөөд 1920 онд Ватиканы нууц архиваас олжээ. Захидалд дарсан тамга нь Монголын их хаадын тамганы бичээсийг мэдүүлсэн бөгөөд “Мөнх тэнгэрийн хүчин доор Их монгол улсын далай хааны Зарлиг ил булха иргэн дор хүрвээс Биширтүгэй, аюутугай” гэж байдаг. Төрийн дотоод, гадаад харилцаанд ашиглаж байсан мөнгөн гэрэгийн хуулбар, монгол цэргийн хөө хуяг, Чингис хааны ууган хүү Зүчидээ зориулан бариулсан бунхны загвар, Ил хаадын захидал хэмээн нэрлэдэг захидлын хуулбар болох Аргун хаан 1289 онд Францын хаанд илгээсэн захидал, Газан хаан Ромын Пап лам YIII Бонифацио-д 1302 онд илгээсэн захидал, Өлзийт хаан 1304-1316 онд төр барьж байхдаа Францын IY Гоо Филипп ванд илгээсэн захидал зэргийн хуулбарууд байдаг. Хубилай хааны Япон руу довтолсон тухай зураг, цэргүүд нь хэрэглэж байсан усны сав, Хархорин хотын тууринаас олдсон олдвор болох шавар шаазан олдворууд, хүрэл толь, туухай, Исламын шашинтан хүний булшнаас олдсон зүйлүүд, эзэнт гүрний үед хэрэглэж байсан төмөр зоос зэрэг үнэт үзмэрүүд бий.

Дундад зууны үеийн Монголчуудын аж байдлыг харуулсан танхимд 1902-1904 онд Дорнод Туркестаны Турфан гэдэг газраас олсон Монгол бичгийн гар бичмэл, модон барын  янз бүрийн ном судрын тасархай хуудаснууд, Өндөр гэгээн Занабазарын хөрөг, урлаж байсан ган завъяа, дарх хийдэг дөш, бурхны цутгуурын хэв, Халхын сэцэн хан Шолойн удам угсааны 11960 хүний нэрийг багтаан бичсэн угийн бичгийн хуулбар, Манжийн эсрэг тэмцсэн Чингүнжавын дайны хар сүлд, тугны суурь, Монгол цэргийн төөнүүр буу, сэлэм, цэргийн харанга, бөмбөр, манжийн үед эрүү шүүлтэнд хэрэглэж байсан гав, ташуур, дөнгө, цаазны сэлэм, шаахай, мөглөн, манж цэргийн хувцас, амбаны тамга, манж худалдаачдын өрийн дансны дэвтэр, “Тооно уулын бичээс”,  “Гүнжийн алтан өргөмжлөл”, Амар баясгалант хийдийн Цогчин дуганы загвар, Монголд XYII зуунаас буддын нөлөөгөөр дэлгэрсэн шашны хөгжмийн зэвсгүүд, монгол морин хуурын төрлүүд, Азид өргөн тархсан хуучир, бийвлэг, шанз, бийбаа, хэвтээ ятга, ёочин зэрэг чавхдаст хөгжим, судар, номын хэрэгсэл, даавуун болон торгон баринтаг, модон шогол хайрцаг, зэс чулуу модон бар, модоор сийлсэн тоглоом, шагай, малын яс, зэс, гууль, төмөр, модоор хийсэн янз бүрийн оюун ухаан сорьсон тоглоом, загас агнуур болон ангийн хэрэгсэл, урхи, хавх, ангийн буу, загасны тор, анч бүргэдийн хэрэгслүүд, оёдол үйл, гар урлал, мужаан дарханы үйл, эмээл хазаарын чимэглэл, малын тамга, амгай, хурдан морины хусуур, хурга ишигний угж, малын эмчийн хэрэгслүүд,  малын өвчинг эмчлэх тухай судар, үр тариа боловсруулах хэрэгслүүд,  сав суулга, шанага, модон хувин, бүрэн тавилгатай таван ханат гэр зэргийг үзүүлсэн байдаг.

XX зуун,  XXI  зууны эхэн үеийн Монгол орны түүхийн танхимд Богд хаант Монгол улс, БНМАУ,  Ардчилсан Монгол улсын түүхэн хөгжилд хамаарах үзмэрүүд байдаг. Сонин бичгийн анхны дугаарууд, төрийн туг, тамга, тухайн үеийн сайд ноёдоос Богд хаанд өргөн барьсан бичиг, захидал, Монголын анхны одон “Эрдэнийн очир”, 1924 онд баталсан БНМАУ-ын туг, 1930 оны үеийн кино аппарат, бичгийн машин, Халх голын байлдааны үеийн эмчийн хэрэгсэл, Монголын улсын баатар Дандарын сэлэм, буу, 1960-аад оноос хэрэгжсэн 5 жилийн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж амьдрах, үйлдвэржих, атар газар эзэмших, зам тээвэр хөгжүүлэх, хүн амыг эрүүлжүүлэх, хүн бүгд бичиг үсэгт тайлагдах зорилтуудтай холбоотой түүхэн гэрэл зурагнууд, Монголын соёл, шинжлэх ухаан, уран зохиол, урлаг спорт зэрэг бүхий л соёлын салбарт гавъяа байгуулж алдар нэрээ үлдээсэн олон арван хүмүүсийн тухай гэрэл зурагнууд тавигдсан байдаг. Мөн социализмын үеийн бүтээн байгуулалтын гэрч болсон үзмэрүүд нилээд байгаагийн дотор 5 мянган малтай малчдад олгодог байсан мөнгөн бүслүүрт хувин, тэргүүний сайн малчдад олгодог байсан дурсгалын болон шагналын зүйлс, Монголын төр засгийн тэргүүнд гадаад орны төр засгийн тэргүүнүүдээс бэлэглэсэн дурсгалын зүйлүүд хадгалагдаж байна. Монголын Ардчилсан Намын анхны тамга, Монголын анхны Ерөнхийлөгч Очирбатын хувцас, Ардчилсан хөдөлгөөний хөгжлийн түүхийг харуулсан баримтат фото зургууд, анхны иргэний үнэмлэх, анхны гадаад паспорт зэргийг дэлгэн үзүүлжээ.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд
Утас: 70110911
Цагийн хуваарь:
      Өвөл: 1/X –15/Y хүртэл, 09:30 - 16:30, Ням, Даваа гаригт амарна.
      Зун: 15/Y - 15/IX хүртэл: Өдөр бүр 8:00 – 22:00.                                                                                                                              

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Тасалбарын үнэ:

      Гадаад, дотоод том хүн 10000 төг

      Гэр бүл 6000 төг

      Оюутан 2500 төг 

      Хүүхэд 1000 төг

      Фото зураг 10000 төг

Вэбсайт: http://www.nationalmuseum.mn

ТОО
0
0
0