15. МУЗЕЙ, ТЕАТР, СОЁЛЫН ТӨВ

Г.ЖУКОВЫН МУЗЕЙ

ЗХУ-ын цэрэг улс төрийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, Маршал Георгий Константинович Жуковын байгуулсан алдар гавъяаг дэлхийн улс түмэн өнө мөнхөд дурсан санаж бахархдаг. Халхын голын байлдааны ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан 1979 онд дурсгалд нь зориулан энэ музейг нээжээ. Г.К.Жуков гэр бүлийн хамтаар 1937 оны 9 дүгээр сараас 1940 оны 5 дугаар сар хүртэл энэхүү музейн байшинд ажиллаж амьдарч байсан түүхтэй. Тус музей нь үзүүлэнгийн гурван танхимтай. Г.К.Жуковын амьдрал үйл ажиллагаатай холбоотой түүхэн үнэнийг өгүүлэх гэрэл зураг, баримт бичгүүд, түүний эдэлж хэрэглэж явсан эд зүйлс, Монгол, ЗХУ, Япон улсын цэргийн түүхийн архиваас сонгож авсан урьд хэвлэгдээгүй материалууд, Г. К. Жуковын гэрийнхэндээ бичсэн захидал, түүний гэр бүлийнхний дурсамж, ховор нандин түүхэн гэрэл зургийг эндээс үзэх боломжтой.

Хаяг: Баянзүрх дүүрэг. Отгонтэнгэр Их сургуулийн баруун талд Г.Жуковын хөшөөний зүүн талд
Утас: 453781, 91696365
Цагийн хуваарь: Өдөр бүр 08:00 – 17:00 цагт (Мягмар гаригт амарна.)
Тасалбарын үнэ: 
         Том хүн 3000 төг
         Оюутан сурагч 1000 төг 
         Хүүхэд 500 төг 
         Гадаад хүн 3000 төг 
         Фото зураг 10000 төг 
         Видео бичлэг 15000 төг