1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ЁЛЫН-АМ

Ёл шувууны нэрээр нэрлэгдсэн уулын хавцал. Далайн төвшнөөс дээш дунджаар 2800 метр өндөр. Дархалсан талбай нь 64 ам километр. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан ихэнхи хэсгийн мөс нь хайлдаг болсон. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт 1 метрээс ч илүү зузаантай мөс үлддэг. Бороо хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг байжээ. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас өвлийг санагдуулам сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын ёроолоос дээшээ харахад тэнгэр тээр дээр зөвхөн нарийн цэнхэр зурвас мэт харагддаг. Зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг. 

Ёл шувуу: Зөвхөн төв Азид байдаг Монголын дархан цаазат шувуу бөгөөд 1500-3000 метрийн өндөрт оршдог ховор шувуу. Жигүүр нь 2.5-3 метр хүрнэ. Нуруу нь хөхөвтөр шаргал, хэвлий толгой нь цайвар, эрүүн доороо сахалтай. 1700 метрээс дээш өндөрт үүрээ засдаг, ихэвчлэн 2 дугаар сард хоёр өндөг гаргадаг. Амьтдын сэг ясаар хооллодог.

ТОО
0
0
0