1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

АЛТАНБУЛАГ

Монгол Орос хоёрыг холбосон засмал замтай, буриад үндэстэн хүн амын ихэнхийг эзлэн амьдардаг. Дүнзэн байшингууд ярайсан сум юм. Хамгийн их ой модтой хирнээ сүүлийн үед цөлжилт нилээн явагдаж байгаа газар. Алтанбулагт газар тариалангийн коллеж гэж байдаг.

Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдарын судалснаар Хамаг Монголын Тэмүжин хаан энэ сумын нутаг дахь Буур хээрийн талаас ертөнцийг байлдан дагуулах тулалдаанаа эхэлж байжээ. Энэ газарт 1179 онд Мэргидэд булаалгасан Бөртө Үжингээ буцааж авахаар Тоорил хан, Жамух нартай хүч хавсран их цэрэг хөдөлгөж Гурван мэргидийг бут цохижээ. Энэ тулаан Тэмүжиний дараа дараагийн үйл хэрэгт чухал түлхэц болсон билээ. 1206 онд Тэмүжин Их Монгол улсыг байгуулаад Чулуун Чимбай 2 хөвгүүний хамт өөрт нь их тус хүргэсэн Сорхон шард энэхүү Мэргидийн газар нутаг буюу Сэлэнгэ нутгийг өмч болгон өгчээ.  Буур хээрийн талд байх Оргидог булгийн тэнд МНТ-ны 750 жилийн ойгоор нэгэн гэрэлт хөшөөг босгож “Эрсэн хүнээ олов. Энд бууя” хэмээх Чингис хааны үгийг сийлжээ. Өдгөө энэ газарт аялагч нар их очдог болжээ. Хожим яруу найрагч Н.Сүхдорж “Гурван Мэргидийн Буур хээрт Гоо Бөртэгийн айдас бий, Жамуха Тоорил Чингис хааны жадаар бичсэн түүх бий” хэмээн шүлэглэжээ. Энэхүү газарт түүхийн олон үйл явдал тохиожээ. Монголчууд Буур хээрт Манж Чин улсад дагаар орсон бөгөөд 1727 оны 8 дугаар сарын 20-нд Манж-Орос хоёр улсын хооронд Буурын гэж алдаршсан хилийн гэрээг байгуулжээ. Монгол эх орныхоо төлөө харийн дайсантай хэд хэдэн тулж байсан Сумъяа бэйс болон түүний харъяат албат нарт YIII Богд хаан Алтанбулаг орчмын газрыг олгож дархлан суулгажээ. Тийм учраас энэ нутаг Монголын баатар зоригт цэргийн жанжидын нутаг байсан юм. Мөн Их эрдэмтэн Бямбын Ринчин Алтанбулагийн Улаан бургасны өвөлжөөнд төржээ. Үүнээс өмнө 1921 оны 3 дугаар сарын 18-нд яг энэ өвөлжөөний газраас ардын баатар Хасбаатарын удирдсан цэрэг Алтанбулаг руу гамингийн эсрэг тулалдахаар хөдөлжээ.  Алтанбулаг суурингийн урд орших Бүргэдэй хайрхан дээрээс ардын журамт цэргүүд гамингууд руу анх буудсан гэдэг. 400 гаруй партизан цэргээс бүрдсэн Монголын ардын журамт цэрэг нь анх “Орхон Сэлэнгийн бэлчир”-т тал талаас нийлэн нэгдэж Алтан хэмээх газарт буудаллаж зэр зэвсгээ хуваарилан байлдааны тактик төлөвлөгөөгөө боловсруулж байжээ. Оросын Хиагт тосгонтой нэг суурин мэт үргэлжлэх Алтанбулаг суурин нь Монголын 300 гаруй сум дотроос хамгийн их түүхийг агуулсан, хоёр улсын ард түмнийг хамгийн ойр нөхөрлүүлсэн газар гэж хэлэхэд хилсдэхгүй ажээ. Энэ Алтанбулагт Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээг 1918 онд баталж байсан түүх ч бий. Ардын журамт цэргийн Түр засгийн газрын байшин, Хувьсгалын музей, Сүхбаатар жанжны журамт цэргийн штаб, банкны анхны байшин, Консулын байр, Шүүхийн анхны байр, Дөрвөлжин сүм зэрэг түүхийн олон дурсгалт байшин байгууламжууд байдаг. “Дөрвөлжин сүмийн үүдэнд дөрвөн пулёмет зоогоод..“ хэмээн дуулдаг билээ. Алтанбулаг суманд жанжин Сүхбаатартай холбоотой 2 хөшөө бий. Түүний нэг нь Д.Сүхбаатарын цээж баримал хөшөө бөгөөд өөрийнх нь хэлсэн “Миний бие Монголын ард түмэнд эрх чөлөө олгох хэрэгт оролцохдоо амь бие үрэгдүүлэхийг бодохгүй зүтгэмой” хэмээх үгийг хөшөөний суурь хэсэгт монгол бичгээр алтан боронзоор товойлгон бичжээ. Нөгөө нь Х.Чойбалсан гуай Д.Сүхбаатарын талаар хэлсэн үгийг сийлсэн гэрэлт хөшөө юм. Тус хөшөө одоогийн Сэлэнгэ аймгийн музейн өмнө байх бөгөөд энэ  музейн барилгад 1921 оны 3-7 дугаар сарын хооронд Д.Сүхбаатар амьдарч байжээ. Өдгөө Алтанбулаг сум 35 мянган толгой малтай, үндсэндээ газар тариалангийн бүс нутагт хамаарна. Нутаг дэвсгэрийн тал хувь нь ой модоор бүрхэгдсэн учраас ан амьтан, ургамал өвсөөр баян нутаг юм.
ТОО
0
0
0