1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ТАВАН ТОЛГОЙН ДУРСГАЛТ ГАЗАР

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт Шинэ чулуун зэвсгийн үе ба хүрэл зэвсгийн үеийн шоргоолжин булш, XIII-XIY  зууны үеийн 10 гаруй хүн чулуун дурсгал, Бударын чулуу, Шартын хадны сүг зураг, XIX-XX зууны эхэн үед хамаарах 400 гаруй эд өлгийн зүйлийг агуулсан Монгол язгууртнуудын булш зэрэг чухал үнэт олдворууд бий.  2004-2010 онуудад археологич Д.Наваан МУИС-ийн археологи, антропологийн ангийн оюутнуудтай хамтран булшийг малтаж шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой олон гайхамшигтай дурсгалуудыг олжээ.  Түүний дотор Боржигон овгийн алтан ургийн цагаан шонхор шувууны дүрс нууцалж сийлсэн шигтгээтэй алтан бөгжийг олжээ. Мөн 5 сантиметр өндөр, 5.6 сантиметр өргөн, 0.5 сантиметр зузаантай галын дөл мэт угалзарсан хэлбэртэй, нарийн алтан утсаар ургамал цэцгийн хэлбэр гаргаж зай завсаргүй сүлжин чимэглэсэн үнэт чулуун шигтгээтэй алтан чимэглэл олсон бөгөөд энэ нь XIII зууны ордны хатны Богтаг малгайн чимэглэл байжээ. Мөн археологич доктор Ц.Төрбат малтлага хийж ясан тамга, исэр сандал зэрэг шинжлэх ухааны онцгой олдвор олжээ. Гуулин ялтсаар хөөмөлдөж алтаар шарж хийсэн, дөрвөн дэлбээтэй суурин дээр жижгэвтэр зургаан дэлбээт бадам цэцгийг дүрсэлж тана мэт чулуу суулгасан “жинс” олжээ.

ТОО
0
0
0