1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

УЛААГЧНЫ ХАР НУУР (ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭР ХАДГАЛАХ БҮС)

Завханаймаг, Ховд аймгийн хилийн зааг дээр орших боловч ихэнх талбай нь Завхан аймгийн нутагт хамаардаг. Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 км газарт оршдог. 574.8 хавтгай дөрвөлжин километр талбайтай, гүн нь 48 метр орчим, дундаж өргөн нь 15.7 километр, хамгийн урт хэсэг нь 36.8 километр хүрнэ. Хар нуурын эрэг жигд биш зарим газраар хошуу хойг үүсгэсэн байдаг. Мөн хойд эргийн хэсгээр 5-6 метр өндөр, цөлийн шинжийг агуулсан элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн байдаг. Баруун болон баруун хойд талд Гэзэг сайхан, Гэзэг хайрхан, Чандмань, Таван хар зэрэг уул толгод Чоно харайхын гол хүртэл үргэлжилж Хар-Ус нуураас тусгаарладаг. Эдгээр уул толгод ургамалгүй нүцгэн бэлүүдтэй. Шувуун арал хэмээх урт хошуу, Хомын хоолой орчимд маш өтгөн нишингэ ургаж эргийн хэсгийг намагжуулдаг. Урд талын эрэг орчмын шанаанууд нь зэгстэй багавтар нуур, Товхош, Намаржаа, Хар хад гэх мэт уулын сүрлэг үзэмжээр хүрээлэгдсэн байдаг.

Далайн төвшнөөс дээш 1132 метрт орших Хар нуур нь Хар-Ус нуураас талбайгаар бага хирнээ арай гүнзгий нуур юм.  Хар-Ус нуур илүүдэл усаа Чоно харайхын голоор Хар нуурт өгдөг. Харин Хар нуур илүүдэл усаа Хомын хоолойгоор Дөргөн нуурт, Татхан-Тээлийн голоор Завхан голд тус тус өгдөг. 12-хон километр урт Татхан-Тээлийн гол нь зөвхөн Хар нуурын илүүдэл усыг зөөгөөд зогсохгүй Хар-Ус нуур, Ховд голын системд хамаарах Монгол Алтайн бүх гол горхи, нуурын усыг Хяргас нуур руу дамжуулах ганц суваг болдог. 10 дугаар сарын сүүлчээр хөлдөж мөсний зузаан 110 сантиметрт хүрэх ба үргэлж гөлөөн мөс гялалзаж байдаг. Нуурын ёроолоор жигд хар замаг ургаж, цайвар өнгөтэй лаг наанги шавар ёроолын ихэнхийг хучна. Нуурын эргэн тойрондоо зохицсон үзэсгэлэнт байдлыг нутгийнхан өргөмжилж “Хангайн сувд” ч гэж нэрлэдэг. Нууранд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Нуурын мандал дээгүүр “шунх” хэмээх цэцэг ургаж гарч ирдэг нь үзэсгэлэн төгс харагдуулдаг.
ТОО
0
0
0