1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ШҮДЭН УУЛ

Увс аймгийн Давст сумын төвөөс зүүн зүгт 18 километр зайд оршино. Давсны нөөц нь 73.2 сая тонн. Давсны зузаан нь 9-50 метр хүртэл. Давсны уурхай нь 1974 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. Шүдэн уулын жамц давс нь хүнс болон малын тэжээлд тохиромжтой. Уулын Тохилог гол урсдаг.

Монгол оронд хүнсний зориулалтаар хэрэглэгддэг нуурын болон уулын гэсэн хоёр төрөл давс байдаг. Давсыг хүнсэнд болон уламжлалт анагаах ухаанд хэрэглэхээс гадна цахилгаан станцын усыг зөөлрүүлэх, малын тэжээлд нэмэлт болгох, арьс шир боловсруулах зориулалтаар жилд 30 мянган тонныг хэрэглэдэг. Монгол орны нуурын болон уулын давсны найрлаганд натри 96 хувь,  үлдсэн 4 хувь нь хүний биенд хэрэгтэй магни, кали, хүхэр зэрэг элементүүд байдгаараа онцлог. Уулын давсны хамгийн том нөөц бол энэхүү Шүдэн уул бөгөөд монголчуудын нэрлэж заншсанаар жамц давсны нөөц газар юм. Шүдэн уулын давсыг хоолой болон шүдний өвчин, цусны даралтыг бууруулахад хэрэглэдэг. Нуурын давс усан дотроо ургаж бий болдог учраас шавхагдашгүй баялагт тооцогдоно. Усанд байх нэг эст замаг, шанаган хорхой гэх мэт организмууд нь давс бүрэлдэхэд гол нөлөө үзүүлдэг ажээ. Нуурын давсны хамгийн том нөөцүүд бол Сангийн далай, Цавдан, Увс зэрэг нуур болно. Хавар 4-6 дугаар сар, намар 9-11 дүгээр сард давс олборлоход сайн чанартай байхаас гадна талсжсан байдаг. Баянхонгор аймагт улаан өнгөтэй нуурын давс байдаг бөгөөд нутгийн хүмүүс түүнийг ходоод гэдэсний өвчинд тустай гэж үздэг.

Эх сурвалж: Монгол орны лавлах

ТОО
0
0
0